Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Дотоод мэдээ · 2026.09.04

Туяа эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчийн чадавхыг бэхжүүлж байна

ОУАЭА-ийн бүс нутгийн RAS6101 төслийн хаалтын хурал 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, Ази, Номхон далайн бүсийн 18 орны төлөөлөгчид оролцлоо.

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ОУАЭА-ийн бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн RAS6101 “Анагаахын физикчийн боловсрол, сургалтаар дамжуулан туяа эмчилгээний чанар, аюулгүй ажиллагааг сайжруулах” төслийн хаалтын хурлыг зохион байгуулж байна.

RAS6101 төслийн хаалтын хуралд оролцогчид. Хурлыг Хавдар судлалын үндэсний төв Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулав

Тус хуралд ОУАЭА болон Ази, Номхон далайн бүсийн 18 орны төлөөлөгч, үндэсний зохицуулагч, анагаахын физикчид нэгэн дор чуулж төслийн хэрэгжилтийн үр дүн, анагаахын физикчийн боловсрол, сургалт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр бүсийн хэмжээнд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн хэлэлцэж байна.

Хурлын нэгдсэн хуралдаан. Дэлгэц дээр ОУАЭА-ийн RAS6101 төслийн бүсийн эцсийн хяналтын хурал, Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4 гэж бичигджээ

Төслийн хэрэгжилтийн хугацаанд бүс нутгийн хэмжээнд 20 гаруй орны 200 гаруй анагаахын физикч мэргэшүүлэх сургалт, тэтгэлэгт хөтөлбөрөөр сургагдан, мэргэшсэн анагаахын физикч бэлтгэх академик болон резидентурын 15 хөтөлбөрийг шинээр эхлүүлсэн байна. Эмнэлгийн физикийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч харилцан дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

Анагаахын физикчид нь цацрагийн анагаах ухааны чанар, аюулгүй байдлыг хангах үндсэн мэргэжилтнүүд билээ. Туяа эмчилгээ, цөмийн анагаах ухаан болон дүрс оношилгооны техник, технологи эрчимтэй хөгжиж, өсөн нэмэгдэж буй өнөө үед өндөр мэдлэг, ур чадвартай эмнэлгийн физикчдийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгааг онцоллоо.

Манай улсын хувьд энэхүү төслийн хүрээнд МУИС, АШУҮИС, ЭМХТ, ШНГТЭ, УХТЭ, ХСҮТ-ийн мэргэжилтнүүдийг бүсийн сургалтуудад хамруулсан. Түүнчлэн Тайландын Чулалонгкорны их сургуулийн резидентурын цахим хөтөлбөрт ХСҮТ, ШНГТЭ-ээс нийт 6 эмнэлгийн физикч суралцаж байгаа нь үндэсний чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байна. Анагаахын физикийн академик хөтөлбөрийг эхлүүлэхээр АШУҮИС болон МУИС хамтран ажиллаж байгаа нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн тогтолцоонд хүлээн зөвшөөрүүлэх ажлын нэг хэсэг болж байгаа зэрэг ахицтай байна.

Оролцогчид ХСҮТ-ийн туяа эмчилгээний тасагт ажиллаж буй шугаман хурдасгуур (LINAC)-тай танилцав

Эдгээр үйл ажиллагаа нь Монгол Улсад анагаахын физикийн мэргэжлийн тогтолцоог бэхжүүлж, цацрагийн оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Цөмийн оношилгоо, эмчилгээний төвд зохион байгуулсан танилцах уулзалт. Ханан дээр SPECT/CT, PET/CT зэрэг үйлчилгээний нэрс харагдаж байна

Хурлын үеэр Монгол Улс анагаахын физикчийг чадавхижуулахад АНУ, Австрали, Япон, Тайланд, Солонгос зэрэг улс орнуудтай хамтран ажиллаж байгаа нь үлгэр жишээ болохуйц байгааг төсөлд оролцогчид онцлон тэмдэглэж байлаа.

Эх сурвалж: Хавдар судлалын үндэсний төв