Чернобыль: GoT цувралын “Kingslayer” Чернобылийн станцын олон улсын дэмжлэгийг сайжруулах баримтат кино хийж байна
“Game of Thrones” цувралын Kingslayer, Jaime Lannister дүрээр олонд танигдсан жүжигчин, НҮБ-ын Сайн санааны элч Николай Костер-Вальдау Чернобылийн станцад очжээ. 2025 онд нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөн Шинэ аюулгүй хамгаалах байгууламжийг засахад 500 сая орчим евро шаардлагатай байна.
“Game of Thrones” цувралын Kingslayer, Jaime Lannister дүрээр олонд танигдсан Данийн жүжигчин, НҮБ-ын Сайн санааны элч Николай Костер-Вальдау Украины Чернобылийн цөмийн эрчим хүчний станцад очиж, дайны үед станц болон хамгаалалтын бүсэд тулгарч буй бэрхшээлийн тухай баримтат кино хийж байна. Уг төсөл нь Шинэ аюулгүй хамгаалах байгууламжийг сэргээхэд шаардлагатай дэмжлэгт олон улсын анхаарлыг татах зорилготой.
Тэрээр станцын захирал Сергей Тараканов болон ажилтнуудтай уулзаж, 3, 4 дүгээр блокын удирдлагын өрөө, Баатруудын дурсгалын хөшөө, Шинэ аюулгүй хамгаалах байгууламжтай танилцжээ.
1986 оны ослын дараа 4 дүгээр блокыг бүрхсэн энэхүү байгууламж нь 257 м өргөн, 162 м урт, 108 м өндөр, 36,000 тонн жинтэй бөгөөд 2019 онд баригдаж дууссан, 100 жил орчим ашиглах зориулалттай. 2025 оны 2 дугаар сарын 14-нд нисгэгчгүй онгоцны цохилтод өртөж, гал гарч, ихээхэн гэмтсэн байна. ОУАЭА 2025 оны 12 дугаар сард “байгууламж нь цацраг идэвхт бодисыг тусгаарлах зэрэг үндсэн аюулгүй ажиллагааны чиг үүргээ алдсан ч даацын бүтээц, хяналтын системд байнгын гэмтэл учраагүй” гэж дүгнэсэн. Цохилтын улмаас цацраг идэвхт бодис алдагдаагүй байна.
Сэргээн засварлах ажилд 500 сая орчим евро шаардлагатай гэж энэ оны эхээр тооцжээ. Их долоогийн орнууд энэ оны 10 дугаар сард 260 сая евро өгөхөө амлаж, үлдсэн санхүүжилтийг бусад улсаас хүссэн байна. Сэргээн босголт, хөгжлийн Европын банк (EBRD)-ны мэдээлснээр бүрэн засварыг 2028 онд эхлүүлж, 2030 онд дуусгахаар төлөвлөж байна.