Финланд: Ашигласан цөмийн түлшийг газрын гүнд булшлах байгууламжид дэлхийд анх удаа ашиглах тусгай зөвшөөрөл олголоо
Финландын Засгийн газар Posiva компанийн Онкало байгууламжид ашиглах тусгай зөвшөөрөл олгосон нь ийм байгууламж дэлхийд анх удаа энэ зөвшөөрлийг авч буй явдал юм.
Финландын Засгийн газар Posiva компанид Олкилуото дахь ашигласан цөмийн түлшийг савлах үйлдвэр болон газрын гүнд булшлах байгууламжийг ашиглах тусгай зөвшөөрөл олголоо. Ашигласан цөмийн түлшийг газрын гүнд булшлах байгууламж ийм зөвшөөрөл авч байгаа нь дэлхийд анх удаа юм.
Онкало хэмээх уг байгууламжийг Финландын баруун хэсэгт, газрын гадаргаас 430 метр орчим гүнд, чулуулаг дотор ухаж байгуулсан. Олкилуото, Ловииса цөмийн эрчим хүчний станцуудын ашигласан түлшийг тусгай саванд битүүмжилж, бентонит шавраар хүрээлсэн нүхэнд байршуулна. Эргэн тойрны чулуулаг нь нэмэлт хаалт болно гэж төлөвлөжээ.
Зөвшөөрлийн дагуу 6,500 тонн ураны ашигласан түлш буюу ойролцоогоор 3,300 савыг булшлах эрх олгосон бөгөөд жилд 60 хүртэлх савыг булшлахаар төлөвлөжээ. Булшлах ажил 2120-иод он хүртэл үргэлжилж, дараа нь байгууламжийг дүүргэж хаана.
Зөвшөөрөл авсан ч булшлах ажил шууд эхлэхгүй ба Posiva компани үлдсэн туршилт, шалгалтаа хийж, Финландын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын байгууллага STUK-ээр баталгаажуулах шаардлагатай. Компани эхлэх хугацааг хараахан зарлаагүй байна.
Монгол Улсын хувьд Цөмийн энергийн тухай хуулийн 4.2-т “Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно.” гэж заасан.