БНХАУ: Аж үйлдвэрийг уураар хангах өндөр температурт хийн хөргөлттэй реакторын барилгын ажил эхэллээ
Хятадын үндэсний цөмийн корпораци (CNNC) Зянсу мужийн Ляньюньган хотод баригдаж буй Сюйвэй цөмийн дулаан, цахилгаан станцын 660 МВт-ын өндөр температурт хийн хөргөлттэй реакторын барилгын ажлыг эхлүүлжээ. Станц нь нефть химийн үйлдвэрүүдийг уур, цахилгаанаар хангана.
Хятадын үндэсний цөмийн корпораци (CNNC) Зянсу мужийн Ляньюньган хотод баригдаж буй Сюйвэй цөмийн дулаан, цахилгаан станцын эхний шатны 3 дугаар блок болох өндөр температурт хийн хөргөлттэй реактор (HTGR)-ын барилгын ажлыг эхлүүлж, цөмийн арлын бетон цутгалтыг эхлүүлснээ мэдээллээ. Корпорацийн мэдээлснээр ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Шинэ станц нь CNNC-ийн ажиллаж буй Тяньвань цөмийн эрчим хүчний станцын ойролцоо байрлана.
Станцын эхний шат нь тус бүр 1,208 МВт чадалтай Hualong One (HPR1000) загварын хоёр даралтат усан реактор болон CNNC, Цинхуа их сургууль хамтран боловсруулсан, 60 жил ажиллах зориулалттай 660 МВт-ын Chilong One загварын нэг өндөр температурт хийн хөргөлттэй реактороос бүрдэнэ. БНХАУ-ын Төрийн зөвлөл 2024 оны 8 дугаар сард батласан 11 реакторын дунд энэ төсөл багтсан бөгөөд 1 дүгээр блокын бетон цутгалт 2026 оны 1 дүгээр сард эхэлсэн. Станцыг CNNC-ийн охин компани CNNC Suneng Nuclear Power барьж, ашиглана.
Станц нь ойролцоох нефть химийн үйлдвэрлэлийн цогцолборыг уураар хангахаас гадна цахилгаан үйлдвэрлэхээр төлөвлөгдөж байна. Hualong One реакторын уураар эрдэсгүйжүүлсэн усыг халааж ханасан уур болгоод, түүнийг өндөр температурт хийн хөргөлттэй реакторын уураар дахин халааж, өөр өөр үзүүлэлттэй гурван төрлийн үйлдвэрийн уур гаргана. CNNC-ийн мэдээлснээр эхний шат ашиглалтад орсны дараа жилд 32.5 сая тонн үйлдвэрийн уур, 11.5 тэрбум гаруй кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, 7.26 сая тонн стандарт нүүрс хэмнэн, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 19.6 сая тонноор бууруулна. Корпораци үүнийг өндөр температурт хийн хөргөлттэй реакторыг арилжааны зориулалтаар ашиглах дэлхийн “анхны” төсөл хэмээн онцолжээ.
Өндөр температурт хийн хөргөлттэй реакторыг гели хийгээр хөргөж, нейтроныг графитаар удаашруулдаг. Одоо ашиглагдаж буй реакторуудаас хамгийн өндөр температурт ажилладаг тул цахилгаанаас гадна үйлдвэрийн өндөр температурт уур гаргахад тохиромжтой байдаг байна. БНХАУ-ын анхны ийм станц болох Шаньдун мужийн Шидаовань дахь HTR-PM 2021 оны 12 дугаар сард сүлжээнд холбогдож, 2023 оны 12 дугаар сард арилжааны ашиглалтад орсон. Үүнд тус бүр 250 МВт дулааны чадалтай хоёр реактор нэг 210 МВт-ын турбиныг ажиллуулдаг бөгөөд реактор бүрт 60 мм-ийн голчтой 400,000 гаруй түлшний бөмбөлөг байдаг. Цинхуа их сургуулийн мэдээлснээр энэ төрлийн реакторын гол зорилго нь нефть химийн үйлдвэрүүдэд нүүрс, байгалийн хийний оронд өндөр температурт уур, цахилгаан нийлүүлэх юм.