ОУАЭА-ийн дэмжлэгтэй сургалтаар 21 аймгийн 300 гаруй дүрс оношилгооны эмчийн ур чадварыг дээшлүүлжээ
2025 оны 9 дүгээр сард Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зохион байгуулагдсан хүүхдийн дүрс оношилгооны үндэсний сургалтаас хойш дүрс оношилгооны чиглүүлэгтэй биопсийн эзлэх хувь 20%-иас 80% болж нэмэгдсэнийг ОУАЭА мэдээллээ.
ОУАЭА-ийн хүний эрүүл мэнд, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан хүүхдийн дүрс оношилгооны үндэсний сургалтад Монгол Улсын 21 аймгаас радиологич, дүрс оношилгооны техникч, хүүхдийн эмч, мэс засалч зэрэг 300 гаруй эмч, мэргэжилтэн хамрагджээ.
“Хүүхдийн дүрс оношилгооны чадавхийг сайжруулах үндэсний сургалт” нь 2025 оны 9 дүгээр сарын 27-гоос 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д зохион байгуулагдсан байна. Сургалтыг Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), Монголын радиологийн нийгэмлэг, Монголын хүүхдийн дүрс оношилгооны нийгэмлэг, АШУҮИС, Хүүхдийн дүрс оношилгооны дэлхийн холбоо (WFPI), Радиограф, цацрагийн технологичдын олон улсын нийгэмлэг (ISRRT), Хонг Конгийн Хүүхдийн эмнэлэг хамтран зохион байгуулжээ.
ОУАЭА-ийн мэдээлснээр сургалт болон Засгийн газрын хөрөнгө оруулалтын үр дүнд хорт хавдартай хүүхдийн оношилгоонд дүрс оношилгооны чиглүүлэгтэй, бага хүндрэлтэй биопсийн эзлэх хувь сургалтаас өмнөх 20%-иас 2026 онд 80% болж нэмэгджээ. “Манай эмч нар улс даяар хүүхдүүдэд илүү аюулгүй, илүү оновчтой оношилгоог системтэйгээр хийж байна” гэж ЭХЭМҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Ч.Баттулга хэлсэн байна.
Сургалтын хэрэгцээ, шаардлагыг ОУАЭА, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хорт хавдар судлалын олон улсын агентлагаас 2024 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн Хорт хавдрын хяналтын чадавхийн иж бүрэн үнэлгээ (imPACT Review)-гээр тодорхойлсон байна. Тухайлбал, хүүхдэд зориулсан дүрс оношилгооны протокол дутмаг, дүрс оношилгооны чиглүүлэгтэй биопсийн хүртээмж хязгаарлагдмал байжээ.
Сургалтаар хэт авиан, рентген, флюроскопи, компьютер томографи (CT), соронзон резонанс томографи (MRI)-ийн хүүхдийн дүрс оношилгоо, цацрагийн хамгаалалт, дүрсийг тайлбарлах, стандарт тайлан бичих, хорт хавдрын олон мэргэжлийн зөвлөгөөнд ажиллах зэрэг онол, дадлагын мэдлэг мэдээлэл олгожээ. Оролцогчид ОУАЭА-ийн болон дотооддоо хийсэн, хүний биеийг дуурайлгасан сургалтын фантом дээр дадлагажиж, эмнэлэгтээ буцаж очоод хамт олноо сургахаар бэлтгэгджээ. ОУАЭА-аас нийлүүлсэн CT-ийн чиглүүлэгтэй биопсийн сургалтын манекеныг цаашид сургагч багш бэлтгэх сургалтад ашиглах аж.
ОУАЭА нь “Rays of Hope” санаачилгын хүрээнд Монгол Улсад цөмийн анагаах ухаан, туяа эмчилгээний чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байна.