Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Дотоод мэдээ · 2026.09.03

Цацраг идэвхт материалыг тээвэрлэх үеийн аюулгүй байдлын чиглэлээр ОУАЭА-ийн экспертүүд Монгол Улсад ажиллаж байна

Олон улсын атомын энергийн агентлагийн экспертүүд 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсын цацраг идэвхт материал тээвэрлэх үеийн аюулгүй байдлын тогтолцоонд үнэлгээ хийж байна.

Монгол Улсын цацраг идэвхт материалыг тээвэрлэх үеийн аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн экспертүүд 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.

Тээвэрлэлтийн аюулгүй байдлын үнэлгээний баг болон Монголын талын оролцогчид

Цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг тээвэрлэх явцад материалын аюулгүй ажиллагаа (safety) болон аюулгүй байдал, хамгаалалт (security)-ыг цогцоор нь хангах нь чухал ач холбогдолтой. ОУАЭА нь гишүүн улс орнуудад цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг тээвэрлэх үеийн үндэсний цөмийн аюулгүй байдлын дэглэмийг бий болгох, хэрэгжүүлэх, боловсронгуй болгоход техникийн дэмжлэг үзүүлдэг.

Үнэлгээний багийн эксперт олон улсын туршлагыг танилцуулж байгаа нь

Энэ хүрээнд зохион байгуулж буй экспертүүдийн үнэлгээ нь Монгол Улсын цацраг идэвхт материалыг тээвэрлэх үеийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийх, цаашид сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлох зорилготой юм. Үнэлгээний үеэр цацраг идэвхт материалыг тээвэрлэх үеийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль эрх зүйн орчин, тусгай зөвшөөрөл олголт, аюулгүй байдлын үнэлгээ, хяналт шалгалт, хариуцлагын тогтолцоо, мөн холбогдох төрийн байгууллага болон тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын чиг үүрэг, уялдаа холбоог авч үзнэ.

ОУАЭА-ийн эксперт үнэлгээний нээлтэд илтгэл тавьж байгаа нь

Түүнчлэн цацраг идэвхт материалыг тээвэрлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах хамгаалалтын арга хэмжээ, мэдээлэл солилцоо, байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа болон хариу арга хэмжээний тогтолцоо зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын сайн туршлагыг танилцуулан санал солилцож байна.

Аюултай ачаа тээвэрлэлтийн олон улсын зохицуулалтын бүтэц: НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дор ОУАЭА, ICAO (иргэний нисэх), IMO (далайн тээвэр), UPU (шуудан), UNECE (Европын эдийн засгийн комисс) зэрэг байгууллагууд аюултай ачаа тээвэрлэх зөвлөмжийг боловсруулж, улмаар үндэсний зохицуулалтад тусгагддаг

Үнэлгээний ажилд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Зам, тээврийн яам, Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын алба, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод цэргийн штаб, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, "Чингис хаан" олон улсын нисэх буудлын гаалийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Монголын төмөр зам ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН, МИАТ ТӨХК, Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудаас 20 гаруй төлөөлөл оролцож байна.

Цацраг идэвхт материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн хамгаалалтын түвшинг сайжруулах жишээ: битүү тэвшин доторх хамгаалалттай сав баглаа, хаалганы мэдрэгч, өндөр хамгаалалттай түгжээ, ачааг бэхлэх тоноглол, жолоочийн бүхээгийн тусгай түгжээ, дохиоллын систем, аюулын товч, радио холбооны хэрэгсэл зэрэг нь урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах үүрэгтэй

Экспертүүдийн хийсэн үнэлгээний үр дүнд Монгол Улсын цацраг идэвхт материалыг тээвэрлэх үеийн аюулгүй байдлын тогтолцоог цаашид боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж гаргах бөгөөд эдгээр зөвлөмж нь холбогдох байгууллагуудын үндэсний чадавхыг бэхжүүлэх, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын сайн туршлагыг Монгол Улсын нөхцөлд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Монгол Улс цацраг идэвхт материалыг ашиглах, хадгалах, тээвэрлэх бүхий л үе шатанд аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах тогтолцоог үе шаттайгаар бэхжүүлж, олон улсын стандарт, зөвлөмжид нийцүүлэх чиглэлд ОУАЭА-тай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Цөмийн энергийн комиссын Ажлын алба