Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Гадаад мэдээ · 2026.10.29

Бангладеш: Руппур цөмийн эрчим хүчний станцын 2 дугаар блокын цөмийн түлшийг станцад хүргэжээ

ОХУ-ын “Росатом” корпораци Бангладешийн анхны цөмийн эрчим хүчний станц болох Руппурын 2 дугаар блокын анхны цөмийн түлшийг станцад хүргэжээ. 1 дүгээр блокын реактор 10 дугаар сард анх удаа критик утгадаа хүрч, 11 дүгээр сарын эцэс гэхэд эрчим хүчний сүлжээнд холбогдох төлөвтэй байна.

Баригдаж буй Руппур цөмийн эрчим хүчний станц, 2023 онЗураг: D. Calma/ОУАЭА

ОХУ-ын “Росатом” корпораци Бангладешийн Руппур цөмийн эрчим хүчний станцын 2 дугаар блокын реакторт ачааллах анхны цөмийн түлшийг тус станцад хүргэснээ мэдээллээ. “Росатом”-ын түлшний салбар ТВЭЛ (TVEL)-ийн харьяа Новосибирскийн химийн баяжмалын үйлдвэрт үйлдвэрлэсэн түлшний багцуудыг ачааны онгоцоор, дараа нь авто замаар тээвэрлэж, станцын тусгай агуулахад байрлуулжээ. Бангладешийн мэргэжилтнүүд, ерөнхий гүйцэтгэгч болон үйлдвэрлэгчийн төлөөлөл түлшний багц бүрийг түлш хүлээн авах үзлэгт хамруулж байна.

Дака хотоос 160 орчим км зайд байрлах Руппур станц нь тус бүр 1,200 МВт чадалтай ВВЭР-1200 (VVER-1200) загварын хоёр реактортой. 1 дүгээр блок 2026 оны 4 дүгээр сард ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, 5 дугаар сард 163 түлшний багцыг реакторт ачаалласан. 10 дугаар сарын 11-нд реактор анх удаа критик утгадаа (өөрөө тогтвортой үргэлжлэх гинжин урвал) хүрсэн бөгөөд олон төрлийн чадлын туршилт хийсний дараагаар 11 дүгээр сарын эцэс гэхэд эрчим хүчний сүлжээнд холбох төлөвтэй байна. 1 дүгээр блокийн эхний түлш сэлгэлтэд зориулсан түлш ч энэ намар хүрч тус улсад ирсэн аж. 2 дугаар блокыг ашиглалтад оруулах ажил 2027 онд эхэлнэ.

“Росатом” корпораци нь 2011 оны 2 дугаар сард хоёр реактор барих хэлэлцээрийг Бангладеш Улстай байгуулж, 12.65 тэрбум ам.долларын ерөнхий гэрээнд 2015 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан. Төслийн зардлын дийлэнхийг ОХУ-ын төрийн зээлээр санхүүжүүлж байна. 1 дүгээр блокын барилгын ажил 2017 оны 11 дүгээр сард, 2 дугаар блокынх 2018 оны 7 дугаар сард эхэлсэн. Реакторууд 60 жил ажиллах бөгөөд нэмэлтээр 20 жилээр сунгах боломжтой. Хоёр блок бүрэн ажиллаж эхэлбэл гол төлөв байгалийн хийгээр цахилгаан үйлдвэрлэдэг Бангладешийн цахилгааны хэрэгцээний 10 гаруй хувийг хангана.