Словени Улс: Судалгааны реакторын ашигласан түлшээ Кршко станцынхтай хамт булшлах нь хэмнэлттэй
АНУ-ын Deep Isolation компанийн тооцоогоор TRIGA II судалгааны реакторын ашигласан түлшийг Кршко цөмийн эрчим хүчний станцын түлштэй нэг байгууламжид булшлах нь тусад нь булшлахаас хамаагүй хямд аж.
Словенийн цацраг идэвхт хаягдлын менежментийн агентлагийн захиалгаар АНУ-ын Deep Isolation компани ашигласан цөмийн түлшийг гүний цооногт булшлах хувилбаруудын зардлыг тооцжээ. Дүгнэлтээр TRIGA II судалгааны реакторын ашигласан түлшийг Кршко цөмийн эрчим хүчний станцын ашигласан түлштэй хамт нэг байгууламжид булшлах нь хамгийн хэмнэлттэй хувилбар ажээ.
TRIGA II-ын түлшинд зориулж тусдаа гүний цооног бүхий булшлах байгууламж барихад нөөц зардал, НӨАТ-ыг тооцохгүйгээр 65.6 сая евро шаардлагатай. Харин байгууламжийн тогтмол зардал хаягдлын хэмжээнээс үл хамааран гардаг тул Кршкогийн байгууламжид нэмж байршуулахад зардал бага зэрэг нэмэгдэнэ.
1960-аад оноос ажиллаж буй TRIGA II реакторыг анагаах ухааны судалгаанд зориулж цацраг идэвхт изотоп үйлдвэрлэх, сургалт судалгаа зэрэг зорилгоор ашигладаг бөгөөд 2043 онд зогсооно. Түүний ашигласан түлш ердөө 84 түлшний элементээс бүрдэнэ. Словени, Хорват хоёр улсын хамтран эзэмшдэг Кршко станц мөн 2043 он хүртэл ажиллана.
Гүний цооногт булшлах арга нь газрын хэвлийд нарийн, гүн цооног өрөмдөж хаягдлыг байршуулах санаа бөгөөд 1950-иад оноос судлагдаж ирсэн ч одоогоор аль ч улсад хэрэгжээгүй байна.