Узбекистан: Том оврын цөмийн реакторын барилгын ажил 2027 онд эхэлнэ
ОХУ-ын “Росатом” корпораци Узбекистанд барьж буй цөмийн эрчим хүчний станцын хоёр том оврын блокийн барилгын ажлыг 2027 онд эхлүүлэхээр төлөвлөж байна. Тэнд хоёр жижиг модуль реакторын ажил аль хэдийн явагдаж байгаа.
“Росатом” корпорацийн гүйцэтгэх захирал Алексей Лихачев Узбекистаны Жиззах мужид баригдаж буй цөмийн эрчим хүчний станцад ажиллахдаа нэг бүр нь 1,000 МВт чадалтай хоёр том оврын блокын барилгын ажил 2027 онд эхэлнэ гэж мэдэгдлээ. Одоогоор талбайд инженерийн хайгуул, зураг төслийн нарийвчлалын ажил хийгдэж байна.
Мөн тус талбайд хоёр жижиг модуль реактор (SMR) баригдаж байгаа бөгөөд суурийн хавтангийн бетоныг 5 дугаар сард цутгаж эхэлсэн, 2026 оны эцэст дуусгахаар төлөвлөсөн ба нэг SMR-ийн реакторын корпусыг аль хэдийн үйлдвэрлэжээ. Барилгад одоогоор 1,000 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд ойрын саруудад хоёр дахин нэмэгдэнэ.
Анхны SMR блокийн ашиглалтын ажилтнуудыг 2027 оны эцэс гэхэд элсүүлж эхэлнэ. Станцын ойролцоо эхний шатанд 33,000 оршин суугчтай “цөмийн хот” байгуулахаар төлөвлөжээ.
Төслийн гэрээг анх 2024 оны 5 дугаар сард зургаан RITM-200N реактор бүхий 330 МВт-ын станц байхаар байгуулж байсан. 2025 онд нэмэлт гэрээгээр хоёр ВВЭР-1000 (VVER-1000) болон хоёр SMR-тэй, нийт 2,100 гаруй МВт чадалтай болгон өөрчилсөн.