Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Гадаад мэдээ · 2026.11.13

Узбекистан: 2030 он гэхэд ураны олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлнэ

Узбекистаны төрийн өмчит “Навоиуран” компани ураны олборлолтоо 2026 оны 7,500 тонноос 2030 онд 15,000 тоннд хүргэхээр төлөвлөжээ.

Узбекистан дахь газрын дор уусган олборлох аргаар уран олборлож буй талбай, 2006 онЗураг: P. Waggitt/ОУАЭА

Узбекистаны төрийн өмчит “Навоиуран” уул уурхайн компани ураны жилийн олборлолтоо 2026 оны 7,500 тонноос 2030 он гэхэд 15,000 тоннд хүргэж, хайгуулаар батлагдсан нөөцөө 200,000 тоннд хүргэхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөг Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевт танилцуулах үеэр олборлолтын шинэ технологийг бүрэн ашиглахыг компанид үүрэг болгожээ.

Танилцуулгад дурдсанаар сүүлийн жилүүдэд дэлхийн ураны түүхий эдийн эрэлт 15-20%-иар өссөн бөгөөд 2030 он гэхэд дахин 28%-иар өсөх төлөвтэй байна. Компани 2026 онд геологийн хайгуул, технологийн өрөмдлөгийг өргөжүүлж, үйлдвэрлэлийн дэд бүтцээ хөгжүүлэх, нэмэлт сорбцийн байгууламж ашиглалтад оруулах, хүхэр, хүхрийн хүчил, азотын хүчил зэрэг урвалжийн хангамжаа дотоодын үйлдвэрүүдтэй хамтран баталгаажуулахаар төлөвлөжээ. Мөн 2030 он гэхэд хүхрийн хүчлийг орлох өөр урвалжийн хэрэглээг 40%-д хүргэх юм.

Узбекистан улсад уран олборлох ажил 1950-иад оны эхээр эхэлсэн бөгөөд 1960-аад оноос газрын дор уусган олборлох аргыг хэрэглэж, 1990-ээд оны дунд үеэс бүх уранаа энэ аргаар олборлож байна. Дэлхийн цөмийн холбооны мэдээллээр Узбекистан улс 2024 онд 4,000 тонн уран олборлож, дэлхийд тавдугаарт жагссан. 2026 оны 4 дүгээр сард “Навоиуран” компанийн гурав дахь том орд болох Кызылкокийн ордод хүчилтөрөгч ашиглан газрын дор уусган олборлох аргаар арилжааны олборлолт эхлүүлсэн бөгөөд жилд 1,200 тонн уран олборлож, 15 жил ашиглах төлөвтэй.