Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Гадаад мэдээ · 2026.10.27

Австрали: Санал асуулгад оролцогчдын 63% нь цөмийн эрчим хүч ашиглахыг дэмжжээ

Австралийн 1,550 сонгогчийн дунд явуулсан YouGov-ийн санал асуулгад оролцогчдын 63% нь цөмийн эрчим хүчийг тус улсын эрчим хүчний ирээдүйд авч үзэх ёстой гэж хариулжээ. Судалгааг цөмийн эрчим хүчийг дэмжин сурталчилдаг байгууллага захиалсан.

Өмнөд Австралийн Олимпик Дам уурхай. Зэс, уран, алт, мөнгө олборлодог тус уурхай нь дэлхийн хамгийн том ураны ордуудын нэг юмЗураг: Geomartin, Wikimedia Commons, CC BY-SA 3.0

Австрали улсад цөмийн эрчим хүч ашиглах эсэх тухай санал асуулгад оролцогчдын бараг гуравны хоёр нь цөмийн эрчим хүчийг улсынхаа эрчим хүчний ирээдүйд авч үзэх ёстой гэж үзжээ.

Цөмийн эрчим хүчийг дэмжин сурталчилдаг “Nuclear for Australia” байгууллагын захиалгаар YouGov компани 2026 оны 10 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд 1,550 оролцогчоос санал асуужээ. Оролцогчдын 63% нь цөмийн эрчим хүчийг авч үзэх ёстой, 60% нь ирээдүйд Австралийн эрчим хүчний эх үүсвэрийн нэг болно гэж үзсэн бол 56% нь цөмийн эрчим хүчийг авч үзэх боломж олгохын тулд хуулийн хоригийг цуцлахыг дэмжжээ.

Хиймэл оюун ухаан, дата төвүүд болон цахилгаанжуулалтын улмаас цахилгааны хэрэгцээ, үнэ өсөж, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн дэлхийн эрчим хүчний зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж буй үед энэхүү судалгаа хийгджээ. Байгууллагын үүсгэн байгуулагч Вилл Шэкел (Will Shackel) оролцогчдын талаас илүү нь одоогийн эрчим хүчний эх үүсвэрүүд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангана гэдэгт итгэлгүй байгааг онцолжээ.

Австралид цөмийн эрчим хүчийг хуулиар хориглосон тул тус салбарыг бараг тэгээс эхлэн байгуулах шаардлагатай болно. Гэхдээ тус улсад олон ураны уурхайнууд ажилладаг бөгөөд Сидней хотын ойролцоо Австралийн цөмийн шинжлэх ухаан, технологийн байгууллагын (ANSTO) судалгааны реактор ажилладаг. Түүнчлэн Австрали улс нь ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг (дэлхийн нийт ураны нөөцийн 29%), бөгөөд 2024 онд ураны олборлолтоороо Казахстан, Канад, Намибийн дараа 4-т эрэмбэлэгдсэн байна.

Монгол Улс ч мөн ураны ордтой ч цөмийн эрчим хүчний станцгүй орон бөгөөд цөмийн эрчим хүч ашиглахтай холбоотой бодлогын баримт бичиг “Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг УИХ-ын 2009 оны 45 дугаар тогтоолоор баталсан. Түүнчлэн Цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж (NEPIO) байгуулах, төсвийн асуудлыг шийдвэрлэх тухай шийдвэр Цөмийн энергийн комиссын 2025 оны 02 дугаар тогтоолоор батлагджээ. Дэлгэрэнгүйг Нөхцөл байдал хэсгээс үзнэ үү.