Далайн хүчиллэгжилт гэж юу вэ?
Гурван тэрбум гаруй хүний аж амьдрал далайн нөөцөөс хамаардаг. Үүний зэрэгцээ далай нь бидний амьсгалж буй хүчилтөрөгчийн ихээхэн хэсгийг хангаж, хүлэмжийн хийг шингээн агаар мандалд үзүүлэх нөлөөг нь бууруулдаг. Далай нь Дэлхийн уур амьсгал, цаг агаарын тогтолцоо болон дэлхийн нүүрстөрөгчийн эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг байгалийн хэмжээлшгүй хүч юм. Гэвч хүний үйл ажиллагаа далайн химийн найрлагыг үндсээр нь өөрчилж байна.
1980-аад оны сүүл үеэс хойш нээлттэй далайн гадаргын усны 95 хувь нь илүү хүчиллэг болсон байна. Бидний үйлдвэрлэж буй нүүрстөрөгчийн давхар ислийн (CO₂) ойролцоогоор 30 хувийг далай шингээдэг бөгөөд ингэснээр далайн усны pH буурдаг. Энэ үйл явцыг далайн хүчиллэгжилт гэж нэрлэдэг. Агаар мандал дахь CO₂-ийн хэмжээ аж үйлдвэрийн хувьсгалаас өмнөх түвшнээс 50 хувиар өндөр болсон тул энэ асуудал улам даамжирч байна.
pH ба хүчиллэг чанар гэж юу вэ?
pH нь шингэний хүчиллэг эсвэл суурилаг чанарыг хэмждэг үзүүлэлт юм. Шингэн уусмалын pH нь устөрөгчийн ион (H⁺) болон гидроксил ион (OH⁻)-ы агууламжийг 0-ээс 14 хүртэлх шатлалаар илэрхийлдэг.
Цэвэр усны pH 7 буюу саармаг байх ба хүчиллэг, суурилаг биш байна. Учир нь H⁺ болон OH⁻ ионы агууламж нь тэнцүү байдаг. pH 7-оос бага уусмал нь хүчиллэг, харин pH 7-оос их уусмал нь суурилаг байна. pH-ийн шатлал нь логарифмын шинжтэй тул pH нэг нэгжээр буурахад хүчиллэг чанар 10 дахин нэмэгддэг.
Далай ус нь сул суурилаг орчинтой. XVIII-XIX зууны аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө далайн усны дундаж pH ойролцоогоор 8.2 байсан бол өнөөдөр 8.1 болсон байна. Энэ нь аж үйлдвэрийн хувьсгалаас өмнөх үетэй харьцуулахад өнөөдрийн далай ойролцоогоор 30 хувиар илүү хүчиллэг болсон гэсэн үг юм. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн зөвлөл (IPCC)-ийн 6 дугаар үнэлгээний тайланд дурдсанаар, 2100 он гэхэд далайн pH ойролцоогоор 7.8 хүртэл буурч, далай 150 хувиар илүү хүчиллэг болж, далайн нийт амьд биетийн тал орчимд нөлөөлж болзошгүй гэжээ.
Далайн усны хүчиллэг чанар нэмэгдэх нь ямар нөлөөтэй вэ?
Далайн усны хүчиллэгжилт нь далайн экосистемд заналхийлж, улмаар далайг орлого болон хүнсний эх үүсвэрээ болгодог хүн амд нөлөөлж байна. Гурван тэрбум гаруй хүний амьжиргаа далайн болон эрэг орчмын биологийн олон янз байдлаас хамаардаг.
Далайн экосистемийн хувьд далайн усны хүчиллэгжилт нь хоёр талын сорилт үүсгэдэг. Үүнд хүчиллэг чанар нэмэгдэх болон карбонатын ионы (CO₃²⁻) хүртээмж буурах явдал орно. Шохойжсон бүтэц үүсгэдэг организм болох хясаа, хавч, далайн зараа, хавч хэлбэртэн болон шүр зэрэг нь бүрхүүл, араг ясаа үүсгэж, хэвийн байлгахад CO₃²⁻ шаардлагатай байдаг. Түүнчлэн pH буурах тусам далайн организмын бүрхүүл болон араг яс илүү амархан уусдаг болох эрсдэлтэйг судалгаанууд харуулж байна. Эрдэмтэд далайн хүчиллэгжилт нь шохойжсон бүтэц үүсгэдэг организмд хэр хэмжээгээр нөлөөлдөг, мөн зарим организм бусдаасаа илүү мэдрэмтгий байж болох эсэхийг судалж байна.
Илүү хүчиллэг орчны нөлөөг даван туулахад далайн организмын зарцуулж буй энерги нэмэгдэх нь үржил, өсөлт зэрэг физиологийн үйл явцад зарцуулах энергийн хэмжээг бууруулж болзошгүй. Энэ нь хүнсний гинжин хэлхээний тогтвортой байдалд заналхийлж, экосистемийн өөрчлөлтийг даван туулах чадвар болон загас агнуур, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй.
Цөмийн болон изотопын технологи нь далайн хүчиллэгжилтийг далайн экосистемд хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан судлахад ашиглагддаг. Тухайлбал, цацраг идэвхт изотопыг тэмдэг (трасер) болгон ашигласнаар далайн организмын өсөлт, бодисын солилцоо болон бүрхүүл, араг яс үүсэх үйл явцыг судлах боломжтой.