Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Танин мэдэхүй · 2026.08.19

Изотоп гэж юу вэ?

Устөрөгчийн изотопууд: протиум, дейтерий, тритий.Эх зураг: A. Vargas/ОУАЭА

Дэлхий дээр бидний харж буй бүх зүйлс изотоп бөгөөд энэ нь атомын нэг төрөл юм. Атом гэдэг нь тухайн элементийнхээ бүх химийн шинж чанарыг хадгалсан бодисын хамгийн жижиг нэгж юм. Изотоп гэдэг нь тодорхой шинж чанар бүхий химийн элементийн өөр өөр хэлбэрүүд юм.

Химийн элементүүдийг тэдгээрийн агуулж буй протон, нейтрон, электроны тоогоор нь ялган тодорхойлдог. Химийн элемент бүрийн атомууд тогтсон, ижил тооны протон болон электронтой байдаг. Харин хамгийн чухал нь нейтроны тоо заавал тогтмол, ижил байдаггүй бөгөөд өөр өөр байж болно.

Цөм дэх протоны тоо ижил боловч нейтроны тоо өөр атомуудыг изотоп гэж нэрлэдэг. Изотопууд бараг ижил химийн шинж чанартай боловч масс нь ялгаатай тул физик шинж чанараараа ялгаатай байдаг. Тогтвортой изотопууд нь цацраг ялгаруулдаггүй бол тогтворгүй изотопууд нь өөрөөсөө аяндаа цацраг ялгаруулж байдаг. Ийм тогтворгүй изотопыг бид цацраг идэвхт изотоп гэж нэрлэдэг.

Устөрөгчийн изотопууд: протиум (¹H), дейтерий (²H) ба цацраг идэвхт изотоп болох тритий (³H). Протон, нейтрон, электроны тоо.Эх зураг: A. Vargas/ОУАЭА

Цөмийн технологийг ашиглан бодист агуулагдах изотопуудын хэмжээ болон харьцааг хэмжиж, хэмжсэн мэдээлэлд үндэслэн тэдгээрийн үүсэл, түүх болон эх үүсвэрийг тодорхойлох боломжтой байдаг. Жишээлбэл эдгээр хэмжилт нь мэргэжилтнүүдэд хуурай газрын болон усны экосистем, хүний биед тодорхой төрлийн витамин хэр хэмжээгээр шингэснийг; ургамал хэр хэмжээний бордоо шингээж авдаг зэргийг ойлгоход тусалдаг.

Тэмдэгт изотоп гэж юу вэ?

Тэмдэгт изотоп (isotopic signature) гэдэг нь дээжид агуулагдах тухайн элементийн өөр өөр изотопуудын хэмжээ хоорондын харьцаануудын нийлбэр цогц юм.

Тэмдэгт изотопыг ихэвчлэн “хурууны хээ” гэж нэрлэдэг. Учир нь хүний хурууны хээтэй адил давтагдашгүй шинж чанартай бөгөөд ямар нэг зүйлсийн гарал үүслийг тогтоох, мөрдөн мөшгөхөд ашигладаг. Изотопын ийм “хурууны хээ” нь ус, газар, ургамал болон амьтанд байдаг ба эдгээр “хурууны хээ”-г мөрдөн судалснаар эрдэмтэд дараах зүйлсийг үнэлж, тодорхойлох боломжтой болдог:

  • хуурай газар болон усан орчин дахь зүйлийн шилжилт, нүүдэл;
  • хүнсний хангамж болон амьтдын хоол тэжээлийн өөрчлөлт;
  • хүнсний бүтээгдэхүүний газарзүйн болон ургамлын гарал үүсэл;
  • усны биетүүд, газрын доорх усны хуримтлалын нас болон чанар;
  • ус болон агаар мандлын бохирдлын эх үүсвэр.
Уснаас авсан дээжид агуулагдах нүүрстөрөгч-14 (¹⁴C) изотопыг ашиглан ус болон органик материалын насыг тодорхойлно.Эх зураг: A. Vargas/ОУАЭА

Жишээлбэл, усанд байгалиасаа агуулагддаг нүүрстөрөгч-14 (C-14) изотопыг ашиглан ус болон бусад органик материалын насыг тодорхойлж болдог.

Тогтвортой изотопууд

Үелэх системийн эхний 80 элемент тогтвортой изотоптой.

Тогтвортой изотопуудын шинж чанарыг ашиглан ус болон газрын нөөцийг судлах, зохистой ашиглахад шаардлагатай мэдээллийг гарган авах боломжтой. Мөн тэдгээрийг байгаль орчны судалгаа, хоол тэжээлийн үнэлгээ болон шүүх шинжилгээнд ашигладаг.

Устөрөгчийн изотоп зэрэг байгалийн гаралтай, тогтвортой изотопуудын усан дахь хэмжээ болон харьцааг хэмжсэнээр тухайн усны нас, гарал үүслийг тодорхойлох, түүний түүхийг ойлгох болон эх үүсвэрийг тогтоох боломжтой байдаг. Үүнийг изотопын гидрологи гэж нэрлэдэг.

Изотопын гидрологи: газрын гүний уснаас дээж авч эх үүсвэр болон насыг тодорхойлох нь усны хуримтлалыг хамгаалах бодлого боловсруулах боломж олгодог.Эх зураг: A. Vargas/ОУАЭА

Тогтвортой изотопуудыг газар нутаг, хүн, амьтан, шавж, ургамлыг судлахад ашиглаж болдог. Жишээлбэл, ийм изотопуудыг эрвээхэйн нүүдлийн замыг зураглан тогтооход ашиглаж, улмаар тэдгээрийн үржлийн орчны нөөцийг хамгаалахад тусалдаг.

Бордооны зохистой хэмжээ: бордоо нэмэх тусам ургац өсөх боловч тодорхой хэмжээнээс хойш өсөлт зогсдог.Эх зураг: ОУАЭА

Тогтвортой азот-15 (N-15) изотопоор тэмдэглэсэн биологийн азотын бордоог ашигласнаар эрдэмтэд ургамал нь бордоог хэр үр дүнтэй шингээж авч байгааг тогтоож, хэмжих боломжтой байдаг. Энэ нь чухал ач холбогдолтой. Учир нь ургамал азотыг шингээн авч, түүнийг өөрт шаардлагатай уураг болгон хувиргах хэрэгтэй байдаг. Эрдэмтэд N-15 изотопыг ашигласнаар ургамал хамгийн өндөр ургац авахад шаардлагатай бордооны хэмжээг тодорхойлж чаддаг.

Цацраг идэвхт изотоп

Цацраг идэвхт изотопын хэрэглээ: анагаах ухаан, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, судалгааны салбарт.Эх зураг: A. Vargas/ОУАЭА

Одоогоор 3,000 гаруй цацраг идэвхт изотоп тодорхойлогдоод байна. Цацраг идэвхт изотопууд нь элементийн тогтворгүй хэлбэр бөгөөд янз бүрийн түвшний цацраг ялгаруулдаг тул анагаах ухаан, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эмийн зүйн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хэрэглээ, биологийн, байгаль орчны судалгаа зэрэг олон салбарт ашиглагддаг.

Цацраг идэвхт изотопуудыг судалгааны реактор болон хурдасгуурт зохиомлоор, аюулгүй нөхцөлд үйлдвэрлэдэг. Цацраг идэвхт изотопын нэг хэрэглээ нь туяа эмчилгээ бөгөөд хорт хавдар болон архаг өвчнийг эмчлэхэд ашигладаг. Энэ эмчилгээ нь хорт хавдрын эсүүдийг аюулгүй бөгөөд үр дүнтэй аргаар эмчлэхэд чиглэдэг.

Мөн ийм төрлийн изотопуудыг эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй химийн бодис, бактери болон хорт бодисыг идэвхгүйжүүлэхэд ашиглах замаар анагаах ухааны салбарт хувь нэмэр оруулдаг.