Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Танин мэдэхүй · 2026.09.16

Бөөмийн хурдасгуур гэж юу вэ?

Бөөмийн хурдасгуур нь электрон, протон, ион зэрэг атомын болон дэд-атом (маш жижиг хэмжээтэй бөөм болон протон, нейтрон, электрон зэрэг атомыг бүрдүүлэгч бөөмс)-ын хэмжээний цэнэгтэй бөөмсийн багцыг үүсгэж, хурдасгадаг төхөөрөмж юм.

Өнөөдөр дэлхий даяар 45,000 гаруй хурдасгуур ашиглагдаж байна. Хэмжээ нь жижиг өрөөнд багтах эмнэлгийн шугаман хурдасгуураас (LINAC) эхлээд хэдэн арван километр урт синхротрон хүртэл харилцан адилгүй.Эх зураг: ОУАЭА

Бөөмийн хурдасгуурыг материйн бүтцийг илүү сайн ойлгох зорилгоор суурь судалгаанд ашиглахаас гадна эрүүл мэнд, байгаль орчны хяналт, хүнсний чанар, эрчим хүч, сансар судлал зэрэг олон төрлийн нийгэм, эдийн засгийн хэрэглээнд ашигладаг.

Бөөмийн хурдасгуур хэрхэн ажилладаг вэ?

Бөөмийн хурдасгуур нь шугаман (linear) буюу шулуун, эсвэл дугуй (circular) хэлбэртэй байж болох бөгөөд хэмжээ нь харилцан адилгүй. Зарим нь хэдэн арван километр урттай байдаг бол зарим нь жижиг өрөөнд багтах хэмжээтэй. Гэхдээ бүх хурдасгуурт дараах дөрвөн үндсэн бүрэлдэхүүн хэсэг байдаг.

Шугаман хурдасгуур болон циклотроны бүтэц: 1 — бөөмийн үүсгүүр, 2 — хурдасгах төхөөрөмж, 3 — вакуум дахь металл хоолойн систем, 4 — цахилгаан соронзны систем. Хурдассан бөөмийн багц бай руу чиглэж, эрүүл мэнд, хүнс, байгаль орчин, судалгаа, сансрын хэрэглээнд ашиглагдана.Эх зураг: ОУАЭА
  1. Бөөмийн үүсгүүр (source) — Цэнэгтэй бөөмсийг үүсгэнэ.
  2. Хурдасгах төхөөрөмж — Тогтмол эсвэл хувьсах цахилгаан орон ашиглан бөөмст энерги өгч, тэдгээрийг хурдасгана.
  3. Вакуум дахь металл хоолойнуудын систем — Бөөмсийг агаарын молекул болон тоосонцортой мөргөлдүүлэхгүйгээр чөлөөтэй хөдөлгөх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр бөөмийн багц бай хүрэх замдаа хэрэггүй атомуудтай мөргөлдөж энергиэ алдахаас сэргийлнэ.
  4. Цахилгаан соронзны систем — Бөөмийн багцыг чиглүүлэх, төвлөрүүлэх болон траекторийг нь өөрчлөх үүрэгтэй. Үүний дараа бөөмсийг бай буюу target гэж нэрлэгдэх дээж рүү чиглүүлэн тусгана.

Хурдассан бөөмийн багцыг хэрхэн ашигладаг вэ?

Эрүүл мэнд

Бөөмийн багцыг эмнэлгийн тоног төхөөрөмжийг ариутгах, мөн хорт хавдрыг оношлох, эмчлэхэд шаардлагатай цацраг идэвхт эм, бэлдмэлүүдийг нийлэгжүүлэх цацраг идэвхт изотоп үйлдвэрлэхэд ашиглаж болно.

Том хэмжээний хурдасгуурыг мөн хорт хавдрын эсийг устгах, уураг болон вирусын бүтцийг судлах, вакцин, шинэ эмийн бүтээгдэхүүнийг боловсронгуй болгоход ашигладаг.

Судалгаа

Цөөн тооны, хамгийн том хурдасгууруудыг дэд атомын бөөмсийг гэрлийн хурдтай ойролцоо хурдтайгаар мөргөлдүүлж, орчлон ертөнцийн үүслийн талаарх мэдлэгийг өргөжүүлэхэд ашигладаг.

Зарим хурдасгуурыг мөн цөмийн судалгааны реакторт ашиглах нейтрон үйлдвэрлэхэд ашигладаг.

Байгаль орчны хяналт

Протоны багц ашиглан агаар, ус, хөрсөн дэх ул мөрийн химийн элементүүдийг илрүүлж болно.

Жишээлбэл, агаарын дээжийг тусгай шүүлтүүрээр цуглуулж, дараа нь шинжилгээний аргаар шинжилнэ. Үр дүнгээр янз бүрийн бохирдуулагчийн агууламж, найрлага, эх үүсвэрийг тодорхойлох боломжтой бөгөөд энэ нь агаарын чанарын өвөрмөц ул мөрийг илрүүлэхэд тусалдаг.

Хүнсний чанар, аюулгүй байдал

Электрон цацрагийн боловсруулалт нь хурдассан буюу өндөр энергитэй электрон ашиглан эмгэг төрүүлэгч бичил биетэн, шимэгч болон хортон шавжийг устгах замаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, хадгалах хугацааг уртасгадаг аюулгүй технологи юм. Энэ аргаар мах, халуун ногоо зэрэг амтлагч, жимс, хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол боловсруулдаг.

Хурдасгуурт суурилсан шинжилгээний аргаар хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн дэх үндсэн болон ул мөрийн элементүүдийг илрүүлж, болзошгүй бохирдуулагчийг тодорхойлох боломжтой. Мөн хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, жинхэнэ эсэхийг баталгаажуулахад ашигладаг.

Соёлын өв

Хурдасгуурт суурилсан шинжилгээний арга нь эд өлгийн зүйлсийн химийн найрлага болон бүтцийн талаарх мэдээлэл өгөхөөс гадна тэдгээрийн насыг тодорхойлоход тусалдаг. Энэ мэдээлэл нь тухайн эд өлгийн зүйлийн гарал үүсэл, үйлдвэрлэсэн арга, уран сайхны техник болон түүхийг тодруулах, мөн сэргээн засварлах аргачлалын талаар шийдвэр гаргахад ашиглагддаг.

Электроны хурдасгуурыг мод, нэхмэл эдлэл, арьсан эд зүйлсийг ариутгах, мөн бэхжүүлэх (consolidation) гэж нэрлэгдэх аргаар эд өлгийн зүйлийг физик шинж чанарын хувьд бэхжүүлж, тогтворжуулахад өргөн ашигладаг. Энэ үед эд зүйлд шингэн давирхай нэвчүүлж, дараа нь түүнийг байнгын байдлаар хатууруулдаг.

Шинэ материал ба эрчим хүчний хэрэглээ

Бөөмийн хурдасгуур ашиглан атомын түвшинд материалын бүтэц үүсгэж болно. Энэ боломжийг квантын технологид зориулсан материал бүтээхэд ашигладаг.

Мөн материал судлал болон эрчим хүчний салбарт ашиглах материалыг бүтээж, шинжлэх боломжтой. Хэдхэн нанометрийн гүнд өндөр нарийвчлалтай судалгаа хийх боломжтой бөгөөд энэ нь шинэ төрлийн батарейн материал болон цөмийн нэгдэх урвалын реакторын бүтцийн материал зэргийг судлах боломж олгодог.

Сансрын хэрэглээ

Бөөмийн хурдасгуур нь ионуудыг маш өндөр энерги хүртэл хурдасгаж, сансрын орчинд явагддагтай төстэй харилцан үйлчлэл үүсгэх боломжтой. Ингэснээр цацрагийн нөлөөг дуурайлган загварчилж, электрон төхөөрөмжийн цацрагийн тэсвэржилт болон амьд эсэд үзүүлэх нөлөөг ч турших боломжтой. Эдгээр мэдээлэл нь сансрын аялал төлөвлөхөд чухал ач холбогдолтой.

Хурдасгуурт хиймэл оюун ухаан ашиглах нь

Хиймэл оюун ухааныг өнөөдөр хурдасгуурын технологи болон түүний хэрэглээнд ашиглаж байна. Ялангуяа AI нь бөөмийн хурдасгуурын ажиллагааг оновчлох, их хэмжээний өгөгдлийг боловсруулах, үнэлэх, дүрслэлийн боломжийг сайжруулах зэрэгт ашиглагдаж байна.

Бөөмийн хурдасгуур гэж юу вэ?

Бөөмийн хурдасгуур нь анагаах ухаан, аж үйлдвэр болон судалгааны салбарт өргөн хүрээнд хэрэглэгддэг. Эдгээр төхөөрөмж нь электрон, протон зэрэг цэнэгтэй бөөмсийг өндөр хурдтайгаар, зарим тохиолдолд бүр гэрлийн хурдтай ойролцоо хурд хүртэл хурдасгадаг.

Бөөмийн хурдасгуурын төрөл

  1. Ион суулгагч (Ion implanter) — Ион суулгагчийг үйлдвэрлэлд материалын элэгдэл, эвдрэлд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд өргөн ашигладаг. Дэлхий даяар ойролцоогоор 12,000 ион суулгагч гар утас болон нарны хавтанд ашигладаг хагас дамжуулагч үйлдвэрлэхэд ашиглагддаг. Мөн металл, керамик, шилний гадаргууг хатууруулах, бат бөх чанар болон ашиглалтын хугацааг нэмэгдүүлэхэд ашигладаг.
  2. Электроны хурдасгуур (Electron beam accelerator) — Дэлхий даяар 10,000 орчим электроны хурдасгуур ажиллаж байгаа бөгөөд эдгээр нь цөмийн урвалын судалгаа, сансар судлал, машин үйлдвэрлэл болон эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг. Жишээлбэл, материалыг өндөр температурт илүү тэсвэртэй болгох, химийн бодист тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд ашигладаг. Мөн эмнэлгийн бүтээгдэхүүн болон хүнсийг ариутгах, бохир усны халдваргүйжүүлэлтэд өргөн хэрэглэдэг.
  3. Шугаман хурдасгуур (LINAC) — Шугаман хурдасгуур (linear accelerator, LINAC) нь хэдэн метрээс хэдэн километр хүртэл урттай байж болно. Ихэнх LINAC нь шинжлэх ухааны судалгаанд ашиглагддаг. Хамгийн түгээмэл нь эмнэлгийн шугаман хурдасгуур бөгөөд өндөр энергийн рентген цацраг үүсгэн хавдрын эсүүд рүү чиглүүлж, хавдрын эсийг устгахад ашигладаг. Дэлхий даяар ойролцоогоор 10,000 эмнэлгийн шугаман хурдасгуур ажиллаж байна.
  4. Циклотрон (Cyclotron) — Дэлхий даяар 1,500 гаруй циклотрон протон эсвэл дейтроны цацрагийн багц үүсгэн эмнэлгийн хэрэглээнд ашиглаж байна. Тэдгээр нь хорт хавдрыг оношлох, эмчлэхэд ашигладаг цацраг идэвхт изотопуудыг үйлдвэрлэдэг. Эмнэлгүүдэд ихээр байрладаг бөгөөд богино хагас задралын үетэй цацраг идэвхт изотоп бүхий, хүний амь насыг аврах ач холбогдолтой цацраг идэвхт эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэдэг.
  5. Синхротрон (Synchrotron) — Дэлхий даяар 70 гаруй синхротрон ажилладаг бөгөөд эдгээр нь бөөмийн хурдасгууруудын дундах аваргууд юм. Тэдгээрийг голчлон шинжлэх ухааны судалгаанд ашигладаг. Орчлон ертөнцийн суурь хуулиудыг ойлгоход чухал үүрэгтэйгээс гадна химийн шинжлэх ухаан, биомедицин, байгаль болон соёлын өв, байгаль орчин зэрэг олон салбарт ашигладаг.
  6. Электростатик хурдасгуур (Electrostatic accelerator) — Электростатик хурдасгуур, ялангуяа өртөг харьцангуй бага тандем хурдасгуур (tandem accelerator)-ыг материалын шинж чанарыг судлах, байгаль орчны хяналт хийх, биомедикийн судалгааг дэмжих, соёлын өвийн эд зүйлсийг судлах зэрэгт ашигладаг. Сүүлийн үеийн хүчин чадлын сайжруулалт хийгдсэний үр дүнд одоо ажиллаж буй ойролцоогоор 300 хурдасгуурын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.