Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Танин мэдэхүй · 2026.09.16

Цацрагийн эмчилгээ гэж юу вэ?

Зурагт: Хавдрын эмчилгээний түгээмэл аргуудын нэг болох зайн туяа эмчилгээг (Teletherapy – Телетерапи) үзүүлэв.Эх зураг: A. Vargas/ОУАЭА

Цацрагийн эмчилгээ буюу туяа эмчилгээ нь рентген туяа, гамма цацраг, өндөр энергитэй электрон эсвэл хүнд бөөмс зэрэг ионжуулагч цацрагийг ашиглан бие дэх хорт хавдрын эсүүдийг устгадаг хавдрын эмчилгээний нэг төрөл юм. Энэ нь хавдрын эмчилгээний хамгийн өргөн хэрэглэгддэг аргуудын нэг бөгөөд хавдрын явцын тодорхой үед нийт өвчтөнүүдийн ойролцоогоор тал хувь нь туяа эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог.

Цацрагийн эмчилгээ хавдрын эсрэг хэрхэн үйлчилдэг вэ?

Хорт хавдар гэдэг нь биеийн тодорхой хэсгийн эсүүд хяналтгүйгээр өсөж, үржиж эхэлдэг эмгэг юм. Үүний улмаас ойролцоох эд, эрхтэнд нөлөөлөх хавдар үүсч, зарим тохиолдолд цусны болон тунгалгийн тогтолцоогоор дамжин биеийн бусад хэсэгт тархах боломжтой байдаг.

Хэвийн эс ба хавдрын эсийн хөгжил: эс хуваагдан хэвийн эд үүсдэг бол хорт хавдрын эс хяналтгүй хуваагдаж, улмаар хавдар үүсдэг.Эх зураг: A. Vargas/ОУАЭА

Туяа эмчилгээний үед ионжуулагч цацрагийн нарийн тооцоолсон тунг ашиглан хорт хавдрын эсийн ДНХ-г гэмтээдэг. ДНХ нь эс хэрхэн хуваагдахыг зохицуулдаг. Цацрагийн нөлөөгөөр хавдар агшиж, зарим тохиолдолд бүрэн устаж боломжтой. Туяа эмчилгээг 1890-ээд оноос эхлэн бараг бүх төрлийн хавдрыг эмчлэхэд ашиглаж ирсэн ба дангаар нь хэрэглэхээс гадна хими эмчилгээ, мэс засал зэрэг бусад эмчилгээтэй хослуулан хавдрыг эмчлэх, эсвэл өвчний шинж тэмдгийг хянахад ашигладаг.

Цацрагийн эмчилгээний төрөл

Хавдрын төрөл болон байрлалаас хамааран туяа эмчилгээний эмч нар хоёр төрлийн туяа эмчилгээг дангаар нь эсвэл хослуулан хэрэглэдэг. Үүнд гадна туяа эмчилгээ, өөрөөр хэлбэл зайн туяа эмчилгээ (телетерапи), мөн дотуур туяа эмчилгээ буюу брахитерапи орно. Сонгосон эмчилгээг гүйцэтгэхэд мэргэшсэн мэргэжилтнүүдийн баг шаардлагатай. Үүнд туяа эмчилгээний эмч, эмнэлгийн физикч болон туяа эмчилгээний технологич багтана. Эдгээр мэргэжилтнүүд эрүүл эсүүдэд учруулах цацрагийн нөлөөг аль болох багасгахын зэрэгцээ цацрагийг ашиглан хавдрыг устгах эмчилгээг төлөвлөж, гүйцэтгэдэг.

Зайн туяа эмчилгээ

Цацрагийн эмчилгээний хамгийн түгээмэл төрөл нь зайн туяа эмчилгээ бөгөөд энэ үед өндөр энергитэй цацрагийн багцыг хавдрын хэсэг рүү чиглүүлэн хүргэдэг. Цацрагийг биеэс тодорхой зайд байрласан төхөөрөмж буюу кобальт-60 цацраг идэвхт үүсгүүр бүхий төхөөрөмж эсвэл шугаман хурдасгуураас гаргана.

Эмчилгээний үед өвчтөн хөдөлгөөнгүйгээр орон дээр хэвтэх бөгөөд төхөөрөмж биеийн эргэн тойронд хөдөлж, цацрагийн нарийн тооцсон тунг хавдар руу хэд хэдэн өнцгөөс чиглүүлнэ. Цацрагийн багцын хэмжээ болон хэлбэрийг нарийн тохируулснаар эрүүл эдэд аль болох бага тун өгөхийн зэрэгцээ шаардлагатай тунг хавдарт хүргэнэ.

Гадна туяа эмчилгээ нь толгой, хүзүү, хөх, уушги, бүдүүн гэдэс зэрэг олон хэсгийн хавдрыг эмчлэхэд ашиглагддаг.Эх зураг: A. Vargas/ОУАЭА

Брахитерапи

Брахитерапийн үед жижиг хэмжээний цацраг идэвхт битүү үүсгүүрийг биеийн дотор байрлуулж, хавдарт шууд өндөр тунгаар цацраг хүргэх боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр цацрагийн эргэн тойрны эрүүл эдэд үзүүлэх нөлөөг хамгийн бага хэмжээнд байлгах боломжтой.

Цацраг идэвхт үүсгүүрийг түр хугацаагаар эсвэл байнгын байдлаар байрлуулж болно. Түр хугацааны эмчилгээний үед цези, ириди эсвэл кобальтын үүсгүүр агуулсан капсулыг зүү эсвэл тусгай суулгагч төхөөрөмжөөр бие дотор байрлуулна. Үүсгүүрээс өгөх цацрагийн тунгаас хамааран капсул нь биед хэдэн минутaас хэдэн өдөр хүртэл байж болно.

Харин байнгын эмчилгээний үед суулгац байрлуулдаг. Үүний нэг жишээ нь иод-125 бөгөөд энэ нь ихэвчлэн будааны ширхэгтэй ойролцоо хэмжээтэй байдаг. Үүнийг бие дотор байрлуулж, хавдарт цацрагаар үйлчилсний дараа хугацааны явцад цацраг идэвх нь аяндаа буурдаг.

Брахитерапийг түрүү булчирхай, хөх, арьс, мөн толгой ба хүзүүний зарим төрлийн хорт хавдрыг эмчлэхэд өргөн хэрэглэдэг.Эх зураг: A. Vargas/ОУАЭА

Туяа эмчилгээ хэр үр дүнтэй вэ?

Туяа эмчилгээ нь өндөр үр дүнтэй бөгөөд олон жилийн турш эмнэлзүйн практикт тогтсон эмчилгээний арга юм. Жил бүр сая сая өвчтөн тархи, хөх, толгой ба хүзүү, умайн хүзүү, түрүү булчирхай, арьс болон бусад төрлийн хорт хавдрын улмаас туяа эмчилгээ хийлгэдэг.

Эмчилгээний үр нөлөө нь шууд биш, тодорхой хугацааны дараа илэрдэг. Туяа эмчилгээ дууссанаас хойш хэдэн өдөр, хэдэн долоо хоног, заримдаа хэдэн сар өнгөрсний дараа эмчилгээ хавдарт хэрхэн нөлөөлсөн нь тодорхой болох тохиолдол байдаг.

Туяа эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт аргуудад:

  • 3 хэмжээст конформ туяа эмчилгээ (3-D conformal radiotherapy)
  • Эрчимийн тохируулгатай туяа эмчилгээ (intensity-modulated radiotherapy)
  • Дүрсээр тулгуурласан туяа эмчилгээ (image-guided radiotherapy)

зэрэг орно.

Эдгээр арга нь эмчилгээний бай хэсгийг өндөр нарийвчлалтай тодорхойлж, нарийн тооцсон цацрагийн тунг үр дүнтэй хүргэхийн зэрэгцээ эрүүл эд, эс, эрхтнийг аль болох бага гэмтээх боломжийг олгодог.

Цацрагийн эмчилгээний гаж нөлөө юу вэ?

Гаж нөлөө нь туяа эмчилгээнд ашигласан цацрагийн хэмжээ болон цацрагт өртсөн биеийн хэсгээс хамаарна. Өвчтөнд богино болон урт хугацааны гаж нөлөө илэрч болохоос гадна зарим тохиолдолд огт гаж нөлөө илрэхгүй байж болно.

Туяа эмчилгээ аюулгүй юу?

Тусгай зориулалтын тоног төхөөрөмж ашиглан, өндөр мэргэшсэн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн багийн хийж буй зайн туяа эмчилгээ нь аюулгүй. Зарим өвчтөнд гаж нөлөө илэрч болох боловч эмчилгээний үед өвчтөний ойролцоо байгаа эмч, эмнэлгийн ажилтан болон гэр бүлийн гишүүд цацрагийн өртөлтийн эрсдэлд өртдөггүй. Мөн зайн туяа эмчилгээ нь өвчтөнийг цацраг идэвхтэй болгодоггүй.

Брахитерапитэй холбоотой эрсдэл мөн маш бага. Цацраг идэвхт үүсгүүрийг түр хугацаагаар биеийн дотор байрлуулсан тохиолдолд эмнэлгийн ажилтан болон олон нийтийг цацрагт өртөхөөс хамгаалах тусгай нөхцөлд өвчтөн эмнэлэгт байна. Үүсгүүрийг буцаан авсны дараа биед үлдэгдэл цацраг идэвхт үүсгүүр үлдэхгүй. Байнгын суулгацыг цацраг нь үндсэндээ хавдарт шингэхээр байрлуулдаг. Цацрагийн түвшин хангалттай бага болсон эсэхийг баталгаажуулахын тулд эмч нар өвчтөнийг эмнэлгээс гаргахаас өмнө тусгай хэмжилт, шалгалт хийдэг.

Туяа эмчилгээнд эмнэлгийн дүрслэл ямар үүрэгтэй вэ?

Эмнэлгийн дүрслэл нь хорт хавдартай өвчтөний оношилгоо, эмчилгээний менежментэд чухал үүрэгтэй бөгөөд туяа эмчилгээг төлөвлөх, гүйцэтгэх болон үр дүнг үнэлэхэд зайлшгүй шаардлагатай. Дэвшилтэт дүрслэлийн технологийг туяа эмчилгээтэй хослуулснаар хавдрын эмчилгээний үр дүнг сайжруулах томоохон дэвшил гарсан. Энэ хүрээнд эмнэлгийн дүрслэл нь дараах үүргүүдтэй. Үүнд:

Өвчний байрлал болон тархалтыг үнэлэх

Хорт хавдар эрт үе шатандаа байгаа эсэх, эсвэл биеийн бусад хэсэгт тархсан эсэхийг эмнэлгийн дүрслэлийн аргаар тодорхойлдог. Биопси зэрэг дүрсээр чиглүүлсэн ажилбарууд нь бага зүслэгтэй бөгөөд эдийн оношийг үнэн зөв тогтооход шаардлагатай.

Компьютер томограф (CT), хэт авиан шинжилгээ, соронзон резонансын дүрслэл (MRI), позитроны ялгаралтын томографи (PET) зэрэг эмнэлгийн дүрслэлийн аргууд нь хавдрыг зөв оношлох болон үе шатыг тогтооход чухал ач холбогдолтой.

Эдгээр арга нь хавдрын байрлал, хэмжээ, тархалт, ойролцоох бүтэцтэй харилцан хамаарал болон үсэрхийлэл байгаа эсэхийг тодорхойлоход тусалдаг.

Эмчилгээний төлөвлөлт

Эмнэлгийн дүрслэлийг эмчилгээ төлөвлөхөд мөн ашигладаг. Үүнд эмийн эмчилгээ, туяа эмчилгээ, мэс засал болон зарим тохиолдолд хөнгөвчлөх эмчилгээ багтана.

Туяа эмчилгээний төлөвлөлтийн үед эмнэлгийн дүрслэл нь хавдрын гурван хэмжээст дүрсийг гаргаж өгдөг. Ингэснээр туяа эмчилгээг хавдарт илүү нарийн чиглүүлж, эрүүл эдийг гэмтээх боломжийг багасгана.

Дүрсээр чиглүүлсэн туяа эмчилгээ (IGRT) нь эмчилгээний явцад бодит цагийн дүрслэлийг ашиглан цацрагийн тунг байршил болон хэмжээгээр нь өндөр нарийвчлалтай, тогтвортой хүргэхийг баталгаажуулдаг.

Нарийвчилсан эмнэлгийн дүрс нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд хавдар, эрүүл эд болон эрхтнүүдийг хооронд нь ялгаж, цацрагийг хорт хавдрын эсүүдэд зөв чиглүүлэх боломж олгодог.Зураг: Auna Oncosalud