Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Танин мэдэхүй · 2026.08.14

Цацраг гэж юу вэ?

Цацраг гэдэг нь долгион эсвэл бөөм хэлбэрээр нэг байрлалаас нөгөө байрлалд дамжин тархдаг энерги юм. Бид өдөр тутмын амьдралдаа цацрагт үргэлж өртөж байдаг. Нарны гэрэл, гал тогооны богино долгионы зуух, эмнэлгийн рентген аппарат, автомашины радио зэрэг нь бидний хамгийн сайн мэдэх цацрагийн эх үүсвэрүүдийн нэг юм. Эдгээрийн ихэнх нь хүний эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл учруулдаггүй. Харин зарим төрлийн цацраг нь тодорхой нөхцөлд эрсдэлтэй байж болно. Ерөнхийдөө цацрагийн тун бага байх тусам эрсдэл бага байдаг бол тун ихсэхийн хэрээр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нэмэгддэг.

Цацрагийн төрлөөс хамааран хүн болон байгаль орчныг хамгаалах арга хэмжээ өөр өөр байдаг бөгөөд ингэснээр бид цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалагдахын зэрэгцээ түүний олон төрлийн ашиг тусыг аюулгүйгээр хүртэх боломжтой юм.

Цацраг юунд хэрэгтэй вэ?

Цацрагийн хэрэглээ: эрүүл мэнд, эрчим хүч, байгаль орчин ба уур амьсгалын өөрчлөлт, аж үйлдвэр.Эх зураг: ОУАЭА

Цацраг нь шинжлэх ухаан, үйлдвэрлэл, эрүүл мэнд зэрэг олон салбарт өргөн хэрэглэгддэг. Жишээлбэл,

  • Эрүүл мэнд: Цацрагийг ашигласнаар хавдрын олон төрлийн эмчилгээ хийх, мөн компьютерт томограф (CT), рентген зураг зэрэг оношилгооны дүрслэлийн аргыг хэрэглэх боломжтой болсон.
  • Эрчим хүч: Цацрагийн тусламжтайгаар нарны эрчим хүч болон цөмийн эрчим хүч зэрэг эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
  • Байгаль орчин ба уур амьсгалын өөрчлөлт: Цацрагийг бохир усыг цэвэршүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлтөд илүү тэсвэртэй ургамлын шинэ сорт гарган авахад ашигладаг.
  • Үйлдвэрлэл ба шинжлэх ухаан: Цацрагт суурилсан цөмийн технологийг ашиглан археологийн олдворуудыг судлах, автомашины үйлдвэрлэл зэрэг салбарт илүү чанартай шинэ материал боловсруулах боломжтой.

Цацраг ашиг тустай юм бол яагаад түүнээс хамгаалах шаардлагатай вэ?

Цацраг нь маш олон ашигтай хэрэглээтэй боловч аливаа технологийн нэгэн адил буруу хэрэглэвэл эрсдэл дагуулах боломжтой. Тиймээс хүн ам болон байгаль орчныг хамгаалахын тулд зохих хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Цацрагийн төрлөөс хамааруулан хамгаалалтын өөр өөр арга хэмжээ хэрэглэх шаардлагатай байдаг.

  • Ионжуулагч бус цацраг (Non-ionizing radiation) нь энерги багатай тул хамгаалалтын шаардлага харьцангуй бага байдаг.
  • Ионжуулагч цацраг (Ionizing radiation) нь илүү өндөр энергитэй учир илүү нарийн хамгаалалтын арга хэмжээ шаарддаг.

Цөмийн энергийн салбар нь зөвхөн “ионжуулагч цацраг”-тай холбогдсон хэрэглээнд хамаарах бөгөөд энэ салбарт энхийн хэрэглээнд ионжуулагч цацрагийг ашиглах зорилгоор хүн ам болон байгаль орчныг хамгаалах олон улсын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын стандартууд мөрдөгддөг.

Цацрагийн төрөл

Ионжуулагч бус цацраг

Ионжуулагч бус цацрагийн жишээ: үзэгдэх гэрэл, радио долгион, богино долгион.Эх зураг: Adriana Vargas/ОУАЭА

Ионжуулагч бус цацраг нь атом эсвэл молекулаас электроныг нь салгаж чадахгүй бага хэмжээний энергитэй цацраг юм. Хэдийгээр чөлөөт ион үүсгэх хэмжээний энергигүй боловч молекулуудыг чичиргээнд оруулж, улмаар дулаан үүсгэж чаддаг. Жишээлбэл, богино долгионы зуух нь хоол хүнсэн дэх усны молекулыг чичиргээнд оруулснаар дулаан үүсгэн хоолыг халаадаг.

Ихэнх хүмүүсийн хувьд ионжуулагч бус цацраг нь эрүүл мэндэд эрсдэл учруулдаггүй. Гэвч ийм төрлийн цацрагийн хүчтэй эх үүсвэртэй тогтмол ажилладаг ажилтнууд дулааны нөлөөллөөс хамгаалах тусгай хамгаалалтын арга хэмжээ авах шаардлагатай байж болно.

Ионжуулагч бус цацрагийн бусад жишээнд:

  • Үзэгдэх гэрэл нь хүний нүдээр шууд харж чаддаг ионжуулагч бус цацраг юм.
  • Радио долгион нь хүний нүд болон бусад мэдрэхүйгээр шууд мэдрэгдэхгүй боловч радио хүлээн авагч төхөөрөмжөөр хүлээн авч, мэдээлэл болгон хувиргах боломжтой ионжуулагч бус цацраг юм.

Ионжуулагч цацраг

Ионжуулагч цацрагийн жишээ: гамма цацраг ашиглан хорт хавдрыг эмчлэх, рентген цацраг, цөмийн эрчим хүчний станцад ашигладаг зарим материал.Эх зураг: Adriana Vargas/ОУАЭА

Ионжуулагч цацраг нь атом эсвэл молекулаас электрон салгаж чадах хэмжээний өндөр энергитэй цацраг юм. Ийм үйлчлэлийн үед бодис, тэр дундаа амьд эдийн атомын түвшний бүтэц өөрчлөгдөж, ион буюу цахилгаан цэнэгтэй атом эсвэл молекул үүсдэг. Иймээс үүнийг ионжуулагч цацраг гэж нэрлэдэг.

Ионжуулагч цацрагт өндөр тунгаар өртөх үед эс болон эрхтнийг гэмтээж, улмаар амь насанд ч аюул учруулж болно. Гэсэн хэдий ч зохистой тунгаар, шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг мөрдөн ашиглавал энэхүү цацраг нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, аж үйлдвэр, шинжлэх ухааны судалгаа, анагаах ухаанд оношилгоо, эмчилгээ зэрэг маш олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулдаг.

Ионжуулагч цацрагийн үүсгүүрийн хэрэглээнд хяналт тавьж, цацрагийн хамгаалалтын арга хэмжээ авч цацрагтай ажиллагч, өвчтөн, олон нийт болон байгаль орчныг ионжуулагч цацрагийн болзошгүй сөрөг нөлөөллөөс хамгаалах нь тухайн улсын үүрэг хариуцлага байдаг.

Цахилгаан соронзон цацрагийн спектр
Ионжуулагч бус цацраг
Ионжуулагч цацраг
10310-210-410-610-810-1110-15
← Бага энергиИх энерги →

Цахилгаан дамжуулах шугам: Хамгийн урт долгион, хамгийн бага энерги. Цахилгаан дамжуулах шугамын эргэн тойронд үүсдэг талбай энд багтана.

Цацраг идэвхт задрал ба шинжлэх ухаан

Ионжуулагч цацраг нь тогтворгүй цөм буюу цацраг идэвхт атом илүү тогтвортой төлөвт шилжихдээ энерги ялгаруулах үед үүсч болно.

Дэлхий дээр байдаг ихэнх атомууд цөмүүдийн протон болон нейтроны тоо тэнцвэртэй байдаг тул цацраг идэвхгүй тогтвортой байдаг. Харин зарим атомын цөм дэх протон, нейтроны харьцаа тэнцвэргүй байдаг тул цөм нь эдгээр бөөмийг тогтвортой барьж чаддаггүй. Ийм атом (цөм)-ыг цацраг идэвхт атом (цөм) гэж нэрлэдэг. Цацраг идэвхт цөм задрахдаа альфа бөөм, бета бөөм, гамма цацраг эсвэл нейтрон зэрэг ионжуулагч цацраг ялгаруулдаг. Хүн төрөлхтөн эдгээрийг аюулгүйгээр ашиглаж өөрсдөдөө олон талын ашиг тус бий болгодог.

Цацраг идэвхт задрал: тогтворгүй цөм бөөм болон эрчим хүч ялгаруулж илүү тогтвортой төлөвт шилжинэ.Эх зураг: Adriana Vargas/ОУАЭА

Цацраг идэвхт задралын үндсэн төрлүүд, тэдгээрийн сөрөг нөлөөнөөс хэрхэн хамгаалах вэ?

Цөм тогтвортой төлөвт шилжихдээ ямар төрлийн бөөм эсвэл цахилгаан соронзон долгион ялгаруулж байгаагаас шалтгаалан цацраг идэвхт задрал хэд хэдэн төрөлд хуваагддаг. Хамгийн түгээмэл нь альфа, бета, гамма, нейтрон цацраг юм.

Альфа цацраг

Альфа задрал: уран-238-ын цөм альфа бөөм (гелийн цөм) ялгаруулж торий-234 болно.Эх зураг: A. Vargas/ОУАЭА

Альфа задралын үед цөм илүү тогтвортой төлөвт шилжихийн тулд эерэг цэнэгтэй хүнд бөөм (альфа бөөм) ялгаруулдаг. Альфа бөөм нь хүний биеийн арьсыг нэвтэлж чаддаггүй бөгөөд альфа бөөмийг нэг ширхэг цаасаар ч зогсоож болно.

Харин альфа бөөм ялгаруулагч бодисоор амьсгалах, хоол хүнс, ундаар дамжин биед орвол дотоод эрхтнийг шууд шарж, эрүүл мэндэд ноцтой хор нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Америци-241 (Am-241) нь альфа задралд ордог изотоп бөгөөд дэлхий даяар утаа мэдрэгч төхөөрөмжид өргөн ашиглагддаг байсан.

Бета цацраг

Бета задрал: нүүрстөрөгч-14-ийн цөм бета бөөм (электрон) ялгаруулж азот-14 болно.Эх зураг: A. Vargas/ОУАЭА

Бета задралын үед цөм электрон ялгаруулдаг. Бета бөөм нь альфа бөөмөөс илүү нэвтрэх чадвартай бөгөөд энергиэсээ хамааран 1–2 см усыг нэвтэрч чадна. Бета цацрагийг ерөнхийдөө хэдхэн миллиметрийн зузаантай хөнгөн цагаан хавтангаар хааж болдог.

Бета цацраг ялгаруулдаг түгээмэл изотопуудад Устөрөгч-3 (Тритий), Нүүрстөрөгч-14 зэргийг нэрлэж болно. Тритийг цахилгаангүй нөхцөлд гэрэлтдэг ослын гарцын тэмдэг зэрэгт ашигладаг бол Нүүрстөрөгч-14-ийг археологийн олдвор болон эртний эд өлгийн зүйлийн насыг тодорхойлоход ашигладаг.

Гамма цацраг

Гамма цацраг: кобальт-60 бета задралын дараа өдөөгдсөн никель-60 үүсэх ба энэ нь илүүдэл энергиэ гамма цацраг хэлбэрээр ялгаруулж тогтвортой төлөвт шилжинэ.Эх зураг: A. Vargas/ОУАЭА

Гамма цацраг нь рентген цацрагтай адил цахилгаан соронзон цацраг бөгөөд уул, уурхайн судалгаа шинжилгээ, хорт хавдрын эмчилгээ, хүнс, хөдөө аж ахуй зэрэг маш олон салбарт ашиглагддаг. Зарим гамма цацраг хүний биеийг ямар ч нөлөөгүй нэвтэрч өнгөрөх бол зарим нь биед энергиэ шингээд эд эсийг гэмтээдэг. Гамма цацрагийн энергийг зузаан бетон эсвэл хар тугалга зэрэг нягт ихтэй материал ашиглан эрс бууруулж болно. Иймээс хавдрын туяа эмчилгээний өрөөний хана маш зузаан, хаалга нь төмөр, хар тугалгаар хийгддэг байна.

Нейтрон

Цөмийн хуваагдлын гинжин урвал: ирж буй нейтрон бай цөмийг хуваахад энерги, хуваагдлын бүтээгдэхүүн болон шинэ нейтронууд ялгарч, дараагийн цөмүүдийг хуваана.Эх зураг: A. Vargas/ОУАЭА

Нейтрон нь атомын цөмийг бүрдүүлэгч 2 бөөмс (протон болон нейтрон)-ийн нэг бөгөөд цахилгаан цэнэггүй, саармаг бөөм юм. Өөрөө шууд ионжилт үүсгэдэггүй боловч атомын цөмтэй харилцан үйлчлэхдээ альфа, бета, гамма эсвэл рентген цацраг үүсгэж, улмаар ионжилт бий болгодог. Нейтрон нь цахилгаан саармаг учир нэвтрэх чадвар өндөртэй тул зөвхөн ус эсвэл парафин, зузаан бетон зэрэг материалаар үр дүнтэй хамгаалдаг.

Нейтроныг цөмийн реактор, эсвэл бөөмийн хурдасгуур, өдөөгдсөн цөмийн урвал зэрэг олон аргаар үүсгэдэг.

Иймээс нейтрон нь шууд бус ионжуулагч цацрагийн хамгийн чухал эх үүсвэрүүдийн нэг болдог.