Мутацийн селекци гэж юу вэ?
Ургамлын мутацийн селекци буюу хувьсамтгай байдлын селекци нь цацраг эсвэл химийн аргаар ургамлын генетикийн аяндаа үүсэх өөрчлөлтийг өдөөж, шинэ таримлын сорт гарган авах арга юм. “Мутаци” нь генетикийн өөрчлөлтийн гол эх үүсвэр бөгөөд хувьслын хөдөлгүүр болдог. Энэ нь хүн, ургамал, амьтан болон бүх амьд биед үе удмаар аяндаа, удаан явагддаг байгалийн үйл явц юм.
Ургамлын мутацийн селекци буюу хувьсамтгай байдлын селекци нь физикийн цацраг эсвэл химийн аргаар ургамлын генетикийн аяндаа үүсэх өөрчлөлтийг өдөөж, шинэ таримлын сорт гарган авах арга юм. “Мутаци” нь генетикийн өөрчлөлтийн ихэнхийг бий болгодог эх үүсвэр бөгөөд хувьслын хөдөлгүүр юм. Энэ нь хүн, ургамал, амьтан болон бүх амьд биед үе удмын явцад аяндаа, удаан явагддаг байгалийн үйл явц юм. Мутаци нь ДНХ-д өөрчлөлт оруулж, улмаар тухайн организмын шинж чанарт өөрчлөлт бий болгодог. Жишээлбэл, хөдөө аж ахуйд ашигтай шинж чанарыг бий болгохын тулд цацраг ашиглах буюу “цацрагаар шарах” зэрэг химийн болон физикийн аргаар мутацийн явцыг хурдасгаж болно.
Цацрагаар шарах аргыг ашиглан өндөр ургацтай, тариалах хугацаа богино, өвчин, хортон шавж болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрс тэс цаг уурын үзэгдэл зэрэг сөрөг хүчин зүйлд тэсвэртэй ургамлын сорт гарган авах боломжтой. Эдгээр сортын тариалалт, өргөн хэрэглээг дэмжих нь дэлхийн хүнсний үйлдвэрлэлийг илүү тогтвортой болгоход тусалж, ялангуяа хөгжиж буй орнууд болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн эмзэг бүс нутгийн тариаланчдын хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулдаг.
Цацраг ашиглан гарган авсан ургамлын сортууд нь уламжлалт селекци эсвэл маркер ашигласан селекци (marker-assisted breeding)-ээр гарган авсан сортуудын нэгэн адил аюулгүй. Учир нь шарж буй цацраг нь селекцийн аргаар гарган авсан ургамлын дараагийн үед дамждаггүй. Тиймээс хамгийн сайн үр дүнд хүрэх хүртэл ургамлыг олон үеэр нь селекц хийх боломжтой бөгөөд ургамал гэмтэх, цацраг идэвхтэй болох эрсдэлгүй. Мутацийн селекцээр гарган авсан олон төрлийн таримлыг сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн олон оронд тариалж байна. Үүнд Болгар, Хятад, Куба, Уганда болон бусад улс орнуудын жишээг дурдаж болно.
Цацрагийг ашиглан хэрхэн ургамлын хувьслын явцыг хурдасгадаг вэ?
Мутацийн селекцид ургамлын селекцийн үйл явцын эхэн үед өдөөгдсөн генетикийн өөрчлөлтийг ашиглан сайжруулсан таримлын олон тооны популяцийг богино хугацаанд бий болгодог. Дараа нь хүссэн үр дүнд хүрэх хүртэл тэдгээрийг дахин дахин селекц хийж болно.
Энэ нь мутацийн селекцид хэд хэдэн давуу тал олгодог. Тухайлбал, зардал багатай, хурдан, үр дүн нь батлагдсан, найдвартай бөгөөд олон нөхцөлд хэрэглэх боломжтой, өргөн хүрээнд ашиглаж болохын зэрэгцээ аюул багатай, байгаль орчинд ээлтэй арга юм. Энэ аргыг олон арван жилийн турш хэрэглэгдэж ирсэн бөгөөд ийм аяндаа үүсэх генетикийн өөрчлөлтийг лабораторийн нөхцөлд цацрагаар шарж өдөөж иржээ.
Цацрагаар шарах нь ДНХ-д өөрчлөлт үүсгэж, мутацийн давтамжийг 1,000-аас 1 сая дахин нэмэгдүүлдэг. Ингэснээр ургамлыг илүү үр дүнтэй селекц хийж, богино хугацаанд илүү олон хувилбар бүхий таримал гарган авах боломжтой болдог. Жишээлбэл, 2021 онд Бангладеш улсад агрономийн үзүүлэлт болон ширхэгийн чанар сайжирсан шинэ хөвөнгийн сортыг ердөө таван жилийн дотор гарган авчээ.
Мутацийн селекцийн шинжлэх ухаан нь үндсэндээ хоёр чиглэлтэй: мутаци өдөөх болон мутант ургамлыг сонгох.
Мутаци өдөөх
Мутаци өдөөх гэдэг нь ургамлын байгалийн аяндаа үүсэх мутацийг биологийн, химийн эсвэл физикийн хүчин зүйлсийн тусламжтайгаар хурдасгаж, хүссэн буюу тодорхой зорилтот шинж чанарыг нь сайжруулах үйл явц юм.
Үүнд вирус, бактери зэрэг биологийн, антибиотик болон алкилжүүлэгч бодис зэрэг химийн, мөн ионжуулагч цацрагаар шарах зэрэг физикийн хүчин зүйлс орно.
Мутаци өдөөхийн тулд ихэвчлэн ургамлын үрийг цацрагаар үйлчлүүлдэг. Гэхдээ зарим туршилтад бүхэл ургамал, суулгац эсвэл ургамлын зөвхөн тодорхой хэсэг болох тоос хүртээгч эрхтэн, спор, ишийг цацрагаар шардаг. Хэрэв үүссэн мутаци нь эсийн өөрийн нөхөн сэргээх механизмаар арилдаггүй бол удамшдаг мутаци бий болдог. Хамгийн ирээдүйтэй мутаци бүхий ургамлуудыг цаашид селекц хийж, тариаланчдын хэрэгцээг хангахуйц мэдэгдэхүйц сайжруулсан шинэ хувилбарыг гарган авдаг.
Эрдэмтэд ургамлыг цацрагаар шарахдаа ихэвчлэн кобальт-60 цацраг идэвхт үүсгүүр эсвэл рентген аппарат ашигладаг. Кобальт-60-аас ялгарах гамма цацраг нь сүүлийн хэдэн арван жилд хамгийн өргөн хэрэглэгдсэн мутаци өдөөгч хэрэглэгдэхүүн байсаар ирсэн. Үүнээс гадна альфа ба бета бөөмс, хурдан нейтрон, хэт ягаан туяа зэрэг бусад төрлийн цацрагийг ургамлын мутаци өдөөхөд ашиглаж ирсэн. Мөн бусад төрлийн цацрагтай харьцуулахад ямар давуу талтайг судлах зорилгоор ион цацраг болон сансрын цацрагийг энэ зорилгоор ихээр ашиглаж байна.
Мутант ургамлыг сонгох
Мутант ургамлыг сонгох гэдэг нь цацрагаар шарж өдөөгдсөн мутацийн үр дүнд сайжирсан ургамлыг илрүүлэн сонгох үйл явц юм.
Мутаци маш бага давтамжтай үүсдэг тул хүссэн шинж чанар бий болох хүртэл маш олон тооны үрийг цацрагаар үйлчлүүлж, ургуулан, хэд хэдэн үеэр нь селекц хийх шаардлагатай байдаг. Энэ үйл явц хэр удаан үргэлжлэх нь таримлын төрлөөс хамаарна. Учир нь ихэвчлэн хэдэн мянган ургамлаас бүрдэх мутант популяцийг бий болгож, судлах, шинжлэх шаардлагатай болдог.
Шинэ, сайжруулсан шинж чанартай ургамлын сортыг илрүүлэн сонгох үйл явц нь шалгалт болон баталгаажуулалт гэсэн хоёр үндсэн үе шаттай.
Шинэ сортын эрт цэцэглэх эсвэл намхан ургах зэрэг нүдэнд ил харагддаг, хэмжихэд хялбар шинж чанарыг илрүүлэх, баталгаажуулах нь харьцангуй амар. Харин шууд тодорхойлоход хэцүү бусад шинж чанарын хувьд тухайн зорилтот шинж чанарыг илрүүлэх тусгай аргачлалыг боловсруулж, хэрэглэх шаардлагатай. Тухайлбал, гидропоник орчинд давсжилтыг тэсвэрлэх чадвар эсвэл өвчинд тэсвэртэй байдлыг илрүүлэх шалгалт хийдэг.
Сансарт мутаци өдөөх нь: Сансар ургамлын биологид хэрхэн нөлөөлдөг вэ?
Сансрыг ургамал ургахад хамгийн эрс тэс орчин гэж үзэж болно. Учир нь сансарт байгаа үр, ургамал болон ургамлын материалд сансрын цацраг болон бичил таталцал нөлөөлдөг.
Нөгөө талаас, сансрын цацраг нь Дэлхий дээр уур амьсгалын өөрчлөлт болон бусад стрессийн хүчин зүйлсийн улмаас улам хүндэрч буй нөхцөлд илүү тэсвэртэй ургамлын сортыг бий болгох мутаци үүсэхэд туслах боломжтой.
Сансрын мутагенез нь сансрын уудамд байгаа ургамлыг сансрын цацрагт өртүүлэн аяндаа үүсэх мутацийг өдөөх арга юм. Эрдэмтэд ихэвчлэн ургамлын үрийг сансарт илгээж, тэдгээрийг Дэлхийд буцаж ирсний дараа ургуулан, шинжилж, селекц хийдэг. Уламжлалт мутацийн селекцийн нэгэн адил эрдэмтэд хамгийн ашигтай шинж чанартай, уламжлалт таримлын сортуудаас давуу талтай ургамлуудыг илрүүлэхийг зорьдог. Буудай, будаа, хөвөн зэрэг таримлууд аль хэдийн сансарт очоод иржээ.
Үүнээс гадна сансрын цацраг болон бичил таталцал нь ургамлын биологид өөрт нь нөлөөлдөг. Үүнийг сансрын ургамал судлалын хүрээнд өөр зорилгоор судалж байгаа бөгөөд сансарт ургамлыг ургуулах хамгийн тохиромжтой арга замыг тодорхойлоход чиглэдэг.