Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Гадаад мэдээ · 2026.11.03

Цөмийн технологи хотуудыг илүү тогтвортой болгоход хэрхэн тусалж байна вэ?

ОУАЭА-аас Дэлхийн хотуудын өдрийг тохиолдуулан цөмийн шинжлэх ухаан, технологи хотын амьдралыг хэрхэн сайжруулж буй талаар 7 аргыг танилцуулжээ.

Хотод амьдардаг сая сая хүний хувьд амьдралын чанар сайн байна гэдэг нь тав тухтай орон сууц, цэвэр ус, цэвэр агаар, найдвартай дэд бүтэц юм. Дэлхийн хотуудын өдрийг тохиолдуулан цөмийн шинжлэх ухаан, технологи хотын амьдралыг сайжруулж буй долоон аргатай танилцана уу.

Халаалт, хөргөлтийн шийдэл

Дэлхийн 31 оронд нийт 380 орчим гигаватт хүчин чадалтай 417 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байна. 2025 онд цөмийн эрчим хүч дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн 8.4% орчмыг эзэлсэн бөгөөд нүүрстөрөгчийн ялгаралт багатай цахилгаан үйлдвэрлэлийн дөрөвний нэгийг бүрдүүлжээ.

Цөмийн эрчим хүчний станц зөвхөн цахилгаан үйлдвэрлээд зогсохгүй, цахилгаан үйлдвэрлэлийн илүүдэл дулааныг шууд ашиглан өвөлдөө хотыг дулаанаар хангах боломжтой. Түүнчлэн зун энэ дулаанаар хөргөлтийн системийг ажиллуулах боломжтой бөгөөд ингэхдээ цахилгаан биш, дулааныг хүйтэн ус болгон хувиргаж агаар хөргөхөд ашигладаг.

Хайян цөмийн эрчим хүчний станцын инженерүүд “Warm U-Clear” барилгаар явж байгаа нь. Энд станцын уураар давсгүйжүүлсэн далайн усыг халааж, эдгээр хоолойгоор ойролцоох хот, суурингийн оршин суугчдад хүргэдэг.Зураг: ОУАЭА

Жишээ нь, БНХАУ-ын Хайян хот бусад олон хотын нэгэн адил оршин суугчдаа дулаанаар хангахдаа нүүрсэнд түшиглэдэг байжээ. Өдгөө тус хот нь 400,000 оршин суугчийн орон сууцыг орон нутгийн цөмийн эрчим хүчний станцын дулаанаар халааж байна. 2019-2025 онд тус станц 14 сая гаруй гигажоуль нүүрстөрөгчийн ялгаралтгүй дулаан үйлдвэрлэжээ. Энэ нь оршин суугчид, аж ахуйн нэгжүүдийн амьдралыг илүү тав тухтай болгоод зогсохгүй, цэвэр эрчим хүч нь Хайян болон зэргэлдээх Рушань хотын өвлийн агаарын чанарыг сайжруулахад тусалжээ.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу (англи хэлээр).

Далайн уснаас ундны ус

Далайн усыг давсгүйжүүлэх нь өсөн нэмэгдэж буй ундны усны хэрэгцээг хангахын зэрэгцээ эрэг орчмын хуурай, хагас хуурай олон бүс нутагт усны хомсдолыг бууруулахад тусалдаг. Цөмийн реакторын дулаан, цахилгааныг ашиглан усыг давсгүйжүүлэх нь нүүрстөрөгчийн ялгаралт багатай хувилбар юм.

Иордан Улс жижиг модуль реакторын (SMR) хэрэглээг судалж буй улсуудын нэг бөгөөд ийм улсын тоо улам бүр нэмэгдсээр байна. Жижиг модуль реакторыг уламжлалт том цөмийн эрчим хүчний станцаас илүү олон төрлийн нөхцөлд, тухайлбал алслагдсан бүс нутаг, жижиг цахилгаан сүлжээ, хотын дулаан хангамжийн системд ашиглах зорилгоор хөгжүүлж байна. Иордан Улсын төлөвлөж буй давсгүйжүүлэх үйлдвэр SMR-ийн эрчим хүчээр ажиллаж, хурдацтай өсөж буй нийслэл Амман хотын 4 сая оршин суугчийг Улаан тэнгисийн уснаас гаргасан цэнгэг усаар хангах юм.

Энд дарж манай сайтаас SMR-ийн талаар Монгол хэлээр уншаарай.

Хурдассан электроноор бохир усыг үр дүнтэй цэвэршүүлэх

Усны хомсдол томоохон бэрхшээл болж болзошгүй аж үйлдвэрийн болон хүн ам шигүү суурьшсан бүс нутагт усыг дахин ашиглах нь чухал ач холбогдолтой. Бохир ус цэвэршүүлэх байгууламжаар дамжсан ч химийн бодис гол мөрөнд нийлүүлэгдэж, бусад усан сан руу урсдаг хаягдал усанд үлдэж болно.

Химийн бодисыг хурдассан электроноор шарахад жижиг хэсгүүдэд задардаг тул дараагийн шатны уламжлалт биологийн цэвэршүүлэлтийг илүү үр дүнтэй болгодог. Мөн эдгээр бодис гол мөрөн, бусад усан санд хүрсэн ч байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах эрсдэл нь бага болно. Түүнчлэн цацрагаар шарсан ус цацраг идэвхтэй болдоггүй.

Филиппиний Цөмийн судалгааны хүрээлэнгийн хурдассан электроноор шарах байгууламжЗураг: Philippine Nuclear Research Institute, Wikimedia Commons, CC BY-SA 3.0

Бразил Улс үйлдвэрийн бохир усыг улсын өнцөг булан бүрт газар дээр нь цэвэршүүлэх зөөврийн электрон хурдасгуурыг ашиглаж байна. Дэлгэрэнгүй мэдээг эндээс уншиж, зургийг энэ холбоосоор үзнэ үү (англи хэлээр).

Хурдассан электроноор шарах арга нь хуванцар зэрэг бусад төрлийн хог хаягдлын асуудлуудыг шийдвэрлэхэд ч хотуудад тусалж чадна.

Хуванцар хог хаягдлаас барилгын материал

Усны савнаас эхлээд эмнэлгийн хэрэгсэл, барилгын материал, хувцас хүртэл бүх зүйлд ашиглагддаг хуванцар бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг юм. Гэвч хуванцрын ердөө 9% орчмыг л дахин боловсруулдаг бөгөөд үлдсэн нь хог болж далай болон бусад усан сан, хогийн цэг, хөрс, тэр ч байтугай бидний амьсгалж буй агаарыг бохирдуулдаг.

Хуванцар хог хаягдал ус зайлуулах шугамыг бөглөж үер үүсгэх, шатаахад амьсгалын замын өвчин үүсгэх, амьтад идвэл насыг нь богиносгох, суваг, далайд усыг бохирдуулах зэргээр хуванцараас шалтгаалсан хохирол шууд мэдрэгддэг.

Гамма цацраг эсвэл хурдассан электроноор шарах нь хуванцрыг дахин боловсруулах уламжлалт аргуудыг нөхөх боломжтой. Цөмийн шинжлэх ухаан нь шинэлэг аргуудад мөн боломж бүрдүүлж байна: хуванцар хог хаягдлыг бусад материалтай хольж илүү бат бөх бүтээгдэхүүн гаргадаг. Жишээ нь, цементийн тодорхой хэсэгт хольсон дахин боловсруулсан хуванцар бүхий бетоны шинж чанарыг цацрагаар шарж сайжруулах боломжтой. Энэхүү технологийн тусламжтой Индонез, Филиппин улсад барилгад зориулсан мод-хуванцрын нийлмэл материал боловсруулж байгаа бөгөөд орон нутгийн түншүүд хямд, тогтвортой орон сууцны материал үйлдвэрлэх их боломж байгааг онцолж байна.

Улс орнууд шинэлэг барилгын материалыг хэрхэн боловсруулж байгаа талаар энд болон энд дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр).

Усны нөөцийн тогтвортой менежмент

Боливийн Эль Альто, Виача хотуудын өсөн нэмэгдэж буй хүн ам өдөр тутмын хэрэгцээгээ 300 км² талбай бүхий Пурапурани гүний усан сангаас хангадаг. Хотын тэлэлтийг дагаад компаниуд ч эндээс их хэмжээний ус авдаг бол тариаланчдад тариа ногоогоо услах, мал сүргээ ундаалахад энэ ус хэрэгтэй байдаг.

Энэхүү гүний усан санг хамгаалж, тогтвортой ашиглахын тулд Боливийн эрх бүхий байгууллагууд цөмийн шинжлэх ухааны тусламжтай олж авсан мэдээлэлд тулгуурладаг. Тэмдэгт атом, изотопын арга нь газрын гүнд нуугдсан гүний усны нас, чанар, гарал үүслийг тодорхойлох боломж олгодог бөгөөд энэ мэдээлэл усны нөөцөд үр дүнтэй менежмент хийхэд тусалдаг.

Дэлгэрэнгүй: Боливи цөмийн технологиор гүний усны сангийн нууцыг тайлж байна (англи хэлээр).

Тэмдэгт атомын шинжилгээнд зориулан усны дээж авч байгаа нь. Энэ шинжилгээ эрдэмтдэд гүний усны гарал үүсэл, нас, хөдөлгөөнийг тодорхойлоход тусалж, усны нөөцийн тогтвортой менежментэд дэмжлэг үзүүлдэг.Зураг: ОУАЭА

Илүү аюулгүй барилга, гүүр

Газар хөдлөлт, үерийн гамшгийн дараа чухал ач холбогдолтой барилга байгууламж нураагүй байсан ч далд гэмтэл учирсан байх боломжтой бөгөөд түүнийг цаг алдалгүй илрүүлж засахгүй бол цаашид эрсдэл учирч болзошгүй.

Цацрагийн үүсгүүр бүхий үл эвдэх сорил нь ионжуулагч цацраг ашиглан материалыг задалж, салгах шаардлаггүйгээр чанарыг нь шалгадаг. Яг л эмнэлгийн рентген зураг шиг. Ингэхдээ материалыг гэмтээдэггүй ба шалгаж буй цацраг идэвхтэй болдоггүй. 2023 онд Эквадор, Сири, Туркт болсон газар хөдлөлтийн дараа барилга байгууламжийг үнэлэхэд цацрагийн үүсгүүр бүхий үл эвдэх сорил гол үүрэг гүйцэтгэжээ.

Шалгагч төхөөрөмжийн рентген хоолойн хальсыг үнэлж байгаа нь, Кёльн, ГерманЗураг: CEphoto, Uwe Aranas, Wikimedia Commons, CC BY-SA 3.0

ОУАЭА-аас улс орнуудад иргэний барилгын салбарт үл эвдэх сорилын мэдлэг, чадавх бэхжүүлэхэд тусалж, мэргэжилтнүүдийг Австрийн Зайберсдорф дахь Үл эвдэх сорилын үйлчилгээний төвдөө чухал дэд бүтцийг аюулгүйгээр үнэлэхэд сургадаг.

Дэлгэрэнгүй: Гамшгийн дараах сэргээн босголтоос соёлын өвийг хамгаалах хүртэл: ОУАЭА үл эвдэх сорилын чиглэлээр улс орнуудад үзүүлэх туслалцаагаа нэмэгдүүлж байна (англи хэлээр).

Өвчин тараагч шумуултай тэмцэх

Зарим төрлийн шумуул чикунгунья, денге, шар чичрэг, зика зэрэг өвчин тараадаг тул нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг.

Үргүйдүүлсэн шавьжийн арга (sterile insect technique - SIT) нь хортон шавьжтай тэмцэх байгаль орчинд ээлтэй арга юм. Үүнд эр шавьжийг цацрагаар үргүйдүүлсний дараагаар байгальд тавьж, шавьжтай нийлүүлснээр үржил цөөн гарах эсвэл огт гарахгүй болдог.

Сенегал Улсын Дакар хотын эрдэмтэд денге, зика вирус тараадаг Aedes aegypti шумуулын эсрэг энэ аргыг ашиглахаар ОУАЭА-тай хамтран бэлтгэж байна. Тус улсад цацрагаар шарах төхөөрөмж байхгүй тул нутгийн шумуулын омгийн үргүй эр шумуулыг Австрийн Зайберсдорф дахь ОУАЭА-ийн лабораторид өсгөж, Дакар руу илгээжээ. Байгалийн нөхцөлийг дуурайлгасан том торонд хийсэн туршилтаар эдгээр шумуул нь үржлийн төлөө лабораторийн бус эр шумуултай өрсөлдөх чадвартай хэвээр байгаа нь харагджээ.

ОУАЭА-ийн ажилтнууд 8 дугаар сард “тэмдэглэж тавиад дахин барих” судалгааны хүрээнд шумуул тавьж байгаа нь. Энэ судалгаагаар Грац хотод тархаж буй түрэмгий шумуулын тоо толгойг хязгаарлахад үргүйдүүлсэн шавьжийн аргыг цаашид ашиглах боломжийг үнэлж байна.Зураг: ОУАЭА

Европт ч мөн зарим шумуулын түрэмгий зүйл вирус тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Австрид ОУАЭА болон Грац хот тус хотод өсөн нэмэгдэж буй Aedes albopictus түрэмгий шумуулын тоо толгойг хязгаарлахад үргүйдүүлсэн шавьжийн аргыг цаашид ашиглах боломжийг үнэлж байна. Анхны үр дүнгээс харахад үргүй эр шумуул тавих нь өндөр үр дүнтэй байж, өндөгний 70% орчим нь үржил шимгүй гарчээ.

Үргүйдүүлсэн шавьжийн аргын тухай фото эндээс үзнэ үү (англи хэлээр).