Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Гадаад мэдээ · 2026.11.05

ОХУ: Шинээр барихаар төлөвлөж буй ураны хүдэр боловсруулах үйлдвэр Монгол Улсын хилээс 100 км зайтай

ОХУ-ын “Росатом” корпораци Монгол Улсын хилээс 100 орчим км зайтай Краснокаменск хотод жилд 11,000 орчим тонн ураны исэл үйлдвэрлэх, тус улсын хамгийн том ураны хүдэр боловсруулах үйлдвэрийн зураг төслийн ажлыг эхлүүлжээ.

Краснокаменск хот ба Монгол Улсын хил: хилийн хамгийн ойр цэгээс Краснокаменск хотын төв хүртэл шулуун зайгаар 99 кмГазрын зураг: nuclear.mn; хил: © OpenStreetMap contributors

ОХУ-ын “Росатом” корпораци Өвөрбайгалийн хязгаарын Краснокаменск хотод ураны хүдэр боловсруулах шинэ үйлдвэр барихаар төлөвлөж байна. 11 дүгээр сарын 2-ны өдөр Корпорацийн “Страна Росатом” сонинд мэдээлснээр үйлдвэр болон түүний туслах дэд бүтцийн талбайг сонгож, инженерийн судалгаа хийж, технологийн үндсэн шийдлээ боловсруулсан ба зураг төслийн ажлыг эхлүүлжээ. Барилгын ажил хэзээ эхлэхийг зарлаагүй байна.

Шинэ үйлдвэр нь тус бүр жилд 5,500 орчим тонн ураны исэл (U₃O₈) үйлдвэрлэх бие даасан хоёр шугамтай буюу нийт 11,000 орчим тонны хүчин чадалтай бөгөөд ураны түүхий эд боловсруулах ОХУ-ын хамгийн том үйлдвэр болно. Тус үйлдвэрт ойролцоох “Аргунское”, “Жерловое” ордын уран болон уран-молибдены хүдрийг голчлон боловсруулахаас гадна “Росатом”-ын ОХУ болон гадаад улс дахь бусад ордын ураны хүдрийн баяжмалыг боловсруулахаар төлөвлөжээ. Ураны исэл нь цөмийн эрчим хүчний станцын түлш үйлдвэрлэх үндсэн түүхий эд юм. Цөмийн түлшний циклийн талаар манай сайтаас уншихыг хүсвэл энд дарна уу.

Ураны хүдрийг боловсруулж гаргаж авсан ураны исэл буюу “шар нунтаг”Зураг: АНУ-ын Цөмийн зохицуулах хороо (NRC), Wikimedia Commons, нийтийн өмч

Үйлдвэрийг 1968 онд байгуулагдсан, Краснокаменск орчимд уран олборлож, боловсруулдаг “Росатом”-ын харьяа Приаргунскийн уул уурхай, химийн үйлдвэрлэлийн нэгдэл (ППГХО)-ийн дэргэд байгуулна. “Росатом”-ын уул уурхайн салбарынхан шинэ үйлдвэрийн үйлдвэрлэлийн бүх шатыг цахимжуулж, автоматжуулсан болон роботжуулсан систем нэвтрүүлснээр ажилчид хортой бодистой шууд харьцах, гар ажиллагааг багасгана гэж мэдээлжээ.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны мэдээлснээр энэ онд ураны шинэ орд хайх ажлын санхүүжилтийг бараг зургаа дахин нэмэгдүүлжээ. Шинэ хүчин чадал нь “Росатом”-ын ОХУ болон гадаадад хэрэгжүүлж буй төслүүдийг цөмийн түлшээр найдвартай хангахад чиглэнэ. Тус корпораци одоогоор ОХУ-д 18, гадаадын есөн оронд 27, нийт 45 цөмийн эрчим хүчний блок барьж байна.

Дэлхийн цөмийн холбооны (WNA) мэдээллээр ОХУ 2024 онд 2,738 тонн уран олборлож, дэлхийд зургаадугаар байрт жагссан. Хамгийн их олборлогч Казахстан 23,270 тонн, удаах Канад 14,309 тонн уран олборложээ.