ОУАЭА дэлхийн нууруудыг хянах, хамгаалахад туслах олон улсын сүлжээ байгуулжээ
ОУАЭА-аас улс орнуудад нуурын усны изотоп, химийн найрлагын мэдээллийг нэг аргаар цуглуулж, хуваалцахад туслах зорилгоор Дэлхийн нууруудын изотопын сүлжээ (Global Network of Isotopes in Lakes - GNIL)-г байгуулжээ.
ОУАЭА-аас дэлхийн нууруудад гарч буй өөрчлөлтийг хянаж, тэдгээрийг хамгаалахад шаардлагатай мэдээлэл хуваалцахад туслах Дэлхийн нууруудын изотопын сүлжээ (GNIL)-г байгуулжээ. Сүлжээг 2026 оны 10 дугаар сарын 26-нд Армени Улсын нийслэл Ереван хотод болсон НҮБ-ын Биологийн төрөл зүйлийн тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (CBD COP17) үеэр танилцуулсан бөгөөд 22 орон нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Сүлжээ нь нуурын усны тогтвортой изотоп, химийн найрлага, байгаль орчны ажиглалтын олон улсын мэдээллийн санг бүрдүүлж, нуурыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хаана хамгийн үр дүнтэй болохыг тогтооход улс орнуудад туслах зорилготой. Үүнд үндэсний байгууллага, судалгааны хүрээлэн, лабораториуд оролцож, байгалийн болон хиймэл нууруудын мэдээллийг нэг аргачлалаар цуглуулан хуваалцаж, үр дүнг бүс нутаг, цаг хугацааны хувьд харьцуулах боломжтой болох аж.
ОУАЭА-ийн Ерөнхий захирлын орлогч, Цөмийн шинжлэх ухаан, хэрэглээний газрын дарга Нажат Мохтарын хэлснээр нуурууд олон сая хүнийг ундны ус, хүнс, ажлын байраар хангадаг ч цэнгэг усны экосистем нь доройтол, усны зохисгүй хэрэглээ, байгаль орчны өөрчлөлтийн улмаас дэлхийн хамгийн их аюулд өртөж буй экосистемийн тоонд ордог.
Устөрөгч, хүчилтөрөгчийн тогтвортой изотопууд нь усны байгалийн "хурууны хээ" болж, гарал үүсэл, нас, хөдөлгөөнийг тогтооход гол үүрэг гүйцэтгэдэг. Ийм мэдээллээр нуурууд хур тунадас, ууршилтын өөрчлөлтөд хэрхэн хариу үзүүлж буйг харж, цэнгэг усны нөөц, загас агнуур, биологийн олон янз байдлыг хамгаалах арга хэмжээг оновчтой чиглүүлэх боломжтой. Хурлыг даргалагч Армени Улсын хувьд дэлхийн хамгийн том өндөрлөгийн цэнгэг устай нууруудын нэг болох Севан нуурыг хамгаалах нь чухал асуудал бөгөөд тус улсын Гадаад хэрэг, олон улсын худалдааны дэд сайд Роберт Абисогомонян улс орнууд туршлагаа хуваалцаж, шинжлэх ухааны хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолжээ.
Изотопын талаар манай сайтад нийтлэгдсэн “Изотоп гэж юу вэ?” нийтлэлээс уншаарай.