Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Нөхцөл байдал

Цацраг идэвхт ашигт малтмалын нөхцөл байдал

Монгол Улсын ураны нөөц, ордууд, төслүүдийн явц. Тоо баримтыг ЭЗХАХБ-ын Цөмийн энергийн агентлаг болон ОУАЭА хамтран гаргадаг “Улаан ном”-ын 2026 оны хэвлэлийн Монгол Улсын үндэсний тайлангаас авав.

Тоо баримтын огноо. Улаан номд орсон бүх нөөцийн үзүүлэлт нь 2025 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаарх мэдээлэл юм. Тайлан нь 2026 оны 9 дүгээр сард хэвлэгдсэн ч өгөгдөл нь энэ огноогоор тасалбар болсныг анхаарна уу.

Ураны нөөц

Ашиглаж болох тогтоогдсон нөөц
144,620 тU
Найдвартай тогтоогдсон 66,234 тU + тооцоолсон 78,386 тU
Ордод буй (in situ) тогтоогдсон нөөц
192,241 тU
Олборлолтын алдагдлыг тооцоогүй нийт нөөц
Таамаглалт нөөц
13,300 тU
Илрээгүй нөөцийн ангилал
Магадлалт нөөц
1,030,000 тU
Геологийн таамаглалд суурилсан хамгийн өргөн ангилал. Өмнөх тайлангаас ойролцоогоор 290,000 тU-ээр бага

Тогтоогдсон нөөц бүхэлдээ кг тутамд 130 ам.доллараас доош өртгөөр ашиглагдахуйц ангилалд багтдаг. Үүнээс 16,883 тU нь кг тутамд 80 ам.доллараас доош өртгөөр, хүчлийн ISL аргаар ашиглах боломжтой. Уламжлалт бус нөөц (фосфорит, нүүрснээс гаргах гэх мэт) тогтоогдоогүй.

Төлөвлөгдсөн үйлдвэрлэлийн төвүүд, ордууд

Үйлдвэрлэлийн төвОрдОрдын төрөлОрдод буй нөөц (тU)Агуулга (% U)Олборлолтын арга
Emeelt minesГурванбулагХүрмэн чулуулаг13,0580.152Далд уурхай
ГурвансайханХараатЭлсэн чулуу7,2880.026ISL
ХайрханЭлсэн чулуу8,4070.071ISL
ӨлзийтЭлсэн чулуу3,0760.036ISL
ГурвансайханЭлсэн чулуу4,2500.034ISL
Бадрах энержиДулаан уулЭлсэн чулуу11,8960.022ISL
Зөөвч-ОвооЭлсэн чулуу93,2910.022ISL

Бадрах энержи 2030 онд арилжааны олборлолт эхлүүлэхээр төлөвлөж байна: Зөөвч-Овоо жилд 2,500 тU, Дулаан уул 500 тU хүчин чадалтай. Гурвансайхан “төлөвлөгдсөн”, Emeelt mines “ирээдүйн” төлөвтэй бөгөөд анхны олборлолтын огноо тогтоогоогүй. Боловсруулалт нь бүгд хүчлийн уусгалт, ион солилцооны (IX) аргаар төлөвлөгдсөн.

Он цагийн товчоон

  1. 1945–1960
    Хайгуулын нэгдүгээр үе шат

    Дэлхийн 2-р дайны дараа бусад ордод агуулагдах ураныг эрэх ажил эхэлж, зүүн Монголын хүрэн нүүрсний ордуудаас олон тооны ураны илрэл олдсон.

  2. 1970–1990
    Зөвлөлт-Монголын хамтарсан хайгуул

    Хоёр талын хэлэлцээрийн хүрээнд ЗХУ-ын Геологийн яамны экспедиц судалгаа явуулж, 1,600 цацраг идэвхт аномали, олон зуун илрэл тогтоов. Нийт 2,684,000 м өрөмдлөг, 3,179,000 м³ шуудуу, 20,800 м далд уурхайн хайгуул гүйцэтгэсэн.

  3. 1988
    Дорнод ордын ил уурхай ашиглалтад оров

    Орос-Монголын хамтарсан “Эрдэс” компани Мардай голын дүүрэгт олборлолт эхлүүлэв. ТЭЗҮ-ээр жилд 2,300 тU олборлох хүчин чадлыг Дорнод, Гурванбулаг ордын 40,279 тU нөөц, дундаж агуулга 0.17% U-д тулгуурлан төлөвлөсөн. Монголд боловсруулах үйлдвэр байгаагүй тул хүдрийг 484 км төмөр замаар ОХУ-ын Краснокаменск дахь Приаргунскийн үйлдвэрт зөөж боловсруулдаг байсан.

  4. 1993–2001
    ОУАЭА-тай хамтарсан нөөцийн үнэлгээ

    “Уран” төрийн өмчит үйлдвэрийн газар ОУАЭА-тай хамтран Монгол Улсын ураны нөөцийн боломжийг хоёр үе шаттай үнэлэв.

  5. 1995
    “Эрдэс” компанийн олборлолт зогсов

    Ураны үнэ унасан, Монгол болон ОХУ-ын хөрш нутгийн улс төр, эдийн засгийн өөрчлөлтийн улмаас олборлолт зогссон. “Эрдэс” 1989-1995 онд нийт 535 тU үйлдвэрлэжээ. Түүнээс хойш өнөөг хүртэл Монгол Улсад уран олборлоогүй.

  6. 1998–2012
    Гурвансайхан ХХК-ийн хайгуул

    Дундговь аймгийн Хараат, Хайрхан, Өлзийт, Гурвансайхан ордуудад хайгуул хийж, 23,021 тU нөөцийг Ашигт малтмалын мэргэжлийн зөвлөл хүлээн авав.

  7. 2019–2020
    Бадрах энержи: Зөөвч-Овоо, Дулаан уулын хайгуул

    Дорноговь аймагт томоохон хайгуул, хөгжүүлэлтийн ажил хийсний үр дүнд Зөөвч-Овоо ордын нөөц 93,291 тU болж нэмэгдэн, 2020 оны 2 дугаар сард техникийн тайланг Ашигт малтмалын мэргэжлийн зөвлөлд хүргүүлэв.

  8. 2021
    ISL туршилтын олборлолт эхлэв

    Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөө зэрэг бүх зөвшөөрлийг авсны дараа хойд талбайд туршилтын олборлолт эхэлсэн.

  9. 2021 оны 8 дугаар сарын 10
    Анхны нэг кг ураны баяжмал гарав

    Туршилтын олборлолтоор анхны нэг килограмм ураны баяжмал үйлдвэрлэгдэв. Хойд болон урд талбайн худгууд 2022 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж, ирээдүйн ашиглалтын техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлсон. 2020-2023 оны туршилтаар Зөөвч-Овоогоос 7.91 тU, Дулаан уулаас 2.53 тU уран гаргажээ.

  10. 2022
    Гурвансайхан ХХК үйл ажиллагаагаа сэргээв

    Нэмэлт 40,662 м хайгуулын өрөмдлөг хийж, нөөцөө JORC стандартаар баталгаажуулах техникийн тайлан боловсруулж эхэлсэн. Мөн онд хайгуулын зардал 13,208 сая төгрөгт хүрч (2021 онд 209 сая) огцом нэмэгдэв.

  11. 2025 оны 1 дүгээр сар
    Зөөвч-Овоо, Дулаан уулын шинэчилсэн ТЭЗҮ батлагдав

    Туршилтын үр дүнд үндэслэн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг Ашигт малтмалын мэргэжлийн зөвлөл баталсан. 2025 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар найман ордын ТЭЗҮ батлагдсан байна.

  12. 2025 оны 1 дүгээр сарын 9
    УИХ стратегийн ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоол гаргав

    “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” 01 дүгээр тогтоол. Дараа жилийн ЦЭК-ын шийдвэрүүд энэ тогтоолыг үндэслэл болгосон.

  13. 2025 оны 1 дүгээр сарын 17
    Орано Майнингтэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав

    Монгол Улсын Засгийн газар “Бадрах энержи” хамтарсан компанийн хөрөнгө оруулагч Орано Майнинг компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Арилжааны олборлолтыг 2030 онд эхлүүлж, жилд 2,500 тU үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

  14. 2025 оны 8 дугаар сарын 19
    Мон-Атомын хувьцааг хөрвүүлэхийг зөвшөөрөв

    ЦЭК-ын 03 дугаар тогтоол: Орано майнинг компаниас “Бадрах Энержи” ХХК-д олгосон хувьцаа эзэмшигчийн зээлийг хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрвүүлсний дараагаар, Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу “Мон-Атом” ХХК-ийн эзэмшиж буй 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэхийг зөвшөөрсөн.

  15. 2025 оны 9 дүгээр сарын 9
    “Арева Монгол”-ын хувьцааг шилжүүлэхийг зөвшөөрөв

    ЦЭК-ын 05 дугаар тогтоол: “Бадрах Энержи” ХХК-ийн нийт хувьцааны 66 хувийг эзэмшигч “Арева Монгол” ХХК-ийн хувьцааг Франц Улсад бүртгэлтэй Орано группын охин компани “Орано Майнинг Экспаншн С.А.С”-д шилжүүлэх асуудлаар шийдвэр гаргахыг зөвшөөрсөн.

  16. 2025 оны 10 дугаар сарын 3
    Хувьцаа шилжүүлэх шийдвэрийг батламжлав

    ЦЭК-ын 06 дугаар тогтоол: дээрх шилжүүлгийг батласан 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолыг батламжилсан.

  17. 2025 оны 10 дугаар сарын 3
    Өрийг хувьцаагаар солих шийдвэрийг эс батламжлав

    ЦЭК-ын 07 дугаар тогтоол: “Бадрах энержи” ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол нь Цөмийн энергийн тухай хуулийн 7.1-д заасан зөвшөөрлийг авалгүйгээр гаргасан бөгөөд өрийг хувьцаагаар солих замаар хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн эс батламжилсан.

  18. 2025 оны 10 дугаар сарын 3
    Шинэ хайгуулын талбай ялгах чиглэл

    ЦЭК-ын 08 дугаар тогтоол: тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан, буцаасан талбай болон кадастрын зурагт “цөмийн энергийн талбай” гэж бүртгэгдсэн талбайнуудаас цацраг идэвхт ашигт малтмал хайх, ашиглах боломжтой талбайг ялгах ажлыг ЦЭК-ын Ажлын алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, “Мон-Атом” ХХК хамтран гүйцэтгэхээр чиглэл өгсөн. Хэрэгжилтийг 2026 оны 1 дүгээр улиралд Комисст танилцуулна.

Ураны ордын өмчлөл, төрийн оролцоо

Улаан номд Монгол Улсын ураны салбарын өмчлөлийн бүтцийг Цөмийн энергийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлээр тайлбарласан байна:

  • 5.1

    Монгол Улсын газрын хэвлийд оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмал төрийн өмч мөн.

  • 5.2

    Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ.

  • 5.3

    Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ.

  • 5.4

    Энэ хуулийн 5.2, 5.3-т зааснаас илүү хувиар төр хувьцаа эзэмших тохиолдолд уг хувийг төрөөс оруулсан буюу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

  • 5.5

    Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, эдгээрийг хослуулах зэрэг үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болно.

“Бадрах энержи” ХХК-ийн эзэмшлийн бүтэц

Зөөвч-Овоо, Дулаан уулын ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэгч “Бадрах энержи” ХХК-ийн хувьцааны 66 хувийг “Арева Монгол” ХХК, үлдэх 34 хувийг төрийн өмчит “Мон-Атом” ХХК эзэмшдэг.

2025 онд Цөмийн энергийн комисс энэ бүтэцтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан: “Арева Монгол”-ын хувьцааг Франц Улсын Орано группын охин компанид шилжүүлэхийг зөвшөөрч, улмаар батламжилсан; Мон-Атомын 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэхийг Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийн дагуу зөвшөөрсөн. Харин компанийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний хурлаар өрийг хувьцаагаар солих замаар хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн шийдвэрийг Комисс эс батламжилсан байна.

Эх сурвалж: ЦЭК-ын 2025 оны 03, 05, 06, 07 дугаар тогтоол. Хувьцаа хөрвүүлэлт, шилжүүлгийн эцсийн хэрэгжилтийн байдлыг тусад нь баталгаажуулах шаардлагатай.

Хайгуулын зардал, өрөмдлөг

Үзүүлэлт202220232024
Хувийн хэвшлийн хайгуул, бүтээн байгуулалтын зардал (сая ₮)13,2089,18013,800
Төрийн хөрөнгө оруулалт (сая ₮)000
Хайгуулын өрөмдлөг (м)40,66200

Ураны металлогенийн мужууд

Судалгааны үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрийг ураны дөрвөн металлогенийн мужид ангилсан: Монгол-Приаргун, Говь-Тамсаг, Хэнтий-Даур, Хойд Монгол. Эдгээр мужид нийт 13 ураны орд, ойролцоогоор 100 илрэл, 1,400 сул илрэл, цацраг идэвхт аномали тогтоогджээ.

Монгол-Приаргуны мужид Хойд Чойбалсангийн Дорнодын хүдрийн талбай багтах бөгөөд Дорнод, Гурванбулаг, Мардайн гол, Нэмэр, Улаан ордууд оршдог. Дорнод болон Төв Говийн Чойр, Гурвансайханы хотгорт Хараат, Хайрхан зэрэг ордууд байна.

Бодлогын баримт бичгийн холбогдох заалтууд

  • 3.1.4

    Цацраг идэвхт ашигт малтмал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт онцгой ач холбогдолтойг харгалзан цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулна.

  • 3.2.1

    Цацраг идэвхт ашигт малтмалын хүдрийг олборлох, боловсруулах, баяжуулах, цаашид цөмийн түлшний үйлдвэр байгуулах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

  • 3.2.5

    Цацраг идэвхт ашигт малтмалыг хүдэр хэлбэрээр экспортлохгүй байх бодлого баримтална.

  • 3.2.6

    Цацраг идэвхт ашигт малтмалаас гаргаж авсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын болон олон улсын гэрээнд нийцүүлэн гагцхүү энхийн зориулалтаар экспортлоно.

УИХ-ын 2009 оны 45 дугаар тогтоолын хавсралт. Бүрэн эхийг манай эрх зүйн сан болон legalinfo.mn-ээс үзнэ үү.

Эх сурвалж: OECD NEA болон ОУАЭА, Uranium 2026: Resources, Production and Demand (NEA No. 7770, OECD 2026), Монгол Улсын үндэсний тайлан. Өгөгдөл нь 2025 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаарх. Албан ёсны эх бичвэрийг дээрх холбоосоос үзнэ үү.