Ураны үнэ түүхэн дээд түвшинд: Эрэлт өсөж, нийлүүлэлт хоцорч байна
Ураны урт хугацааны гэрээний үнэ 10 дугаар сарын сүүлд нэг фунт тутамд 98 ам.долларт хүрч, 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Цөмийн эрчим хүч, дата төвүүдийн цахилгааны эрэлт өсөж байгаа ч шинэ уурхай ашиглалтад ороход 15-20 жил шаардагдаж байна.
Ураны урт хугацааны гэрээний үнэ 2026 оны 10 дугаар сарын сүүлд нэг фунт (0.45 кг) ураны исэл (U₃O₈) тутамд 98 ам.доллар буюу нэг кг тутамд 216 орчим ам.доллар болж, 2007-2008 онд хүрч байсан 95 ам.доллараас давжээ. Энэ нь Канадын “Cameco” компанийн ураны зах зээлийн судалгааны “UxC”, “TradeTech” компаниудын сарын эцсийн үнээр тооцдог дундаж үнэ бөгөөд урт хугацааны үнийг 1996 оноос хөтөлж эхэлснээс хойших хамгийн өндөр түвшин юм. “TradeTech” компанийн өөрийн үнэлгээгээр энэ үнэ 99 ам.доллар байна. Урт хугацааны үнэ 2021 оны дунд үеэс хойш бараг гурав дахин өсчээ.
Цахилгаан станцууд уранаа ихэвчлэн олон жилийн гэрээгээр худалдан авдаг бол ойрын хугацаанд нийлүүлэх хэлцлийн үнийг спот үнэ гэдэг. Спот үнэ 2007 оны 6 дугаар сард 136 ам.долларт хүрээд огцом унаж байсан бол одоо урт хугацааны үнэ тогтвортой өсөж байгаа нь эрэлт урт хугацаанд өснө гэсэн хүлээлтийг илтгэж байна. Спот үнэ 10 дугаар сарын сүүлд 91.55 ам.доллар байв.
Эрэлт. ОУАЭА, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Цөмийн энергийн агентлаг (OECD-NEA)-ын хамтран гаргадаг “Улаан ном” (Uranium 2026)-д дурдсанаар 2025 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар дэлхийд нийт 378 ГВт хүчин чадалтай 418 реактор ажиллаж, жилд 64,500 орчим тонн уран хэрэглэж байна. 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадал 565-916 ГВт болж, ураны хэрэгцээ жилд 84,800-143,900 тоннд хүрэх төлөвтэй.
Эрэлтийг өсгөж буй нэг хүчин зүйл нь хиймэл оюун ухаан юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) тооцоогоор дэлхийн дата төвүүдийн цахилгааны хэрэглээ 2024 онд 415 тэрбум кВт.ц буюу дэлхийн цахилгааны хэрэглээний 1.5% байсан бол 2030 онд 945 тэрбум кВт.ц болж, хоёр дахин өсөх төлөвтэй. Өсөлтийн дийлэнх нь АНУ, БНХАУ-д ногдож байна. Японы “Nikkei Asia” сонинд мэдээлснээр “Microsoft”, “Amazon”, “Google” зэрэг АНУ-ын технологийн томоохон компаниуд цөмийн эрчим хүчний станцуудаас цахилгаан худалдан авах гэрээ байгуулах, ашиглалтаас гарсан станцуудыг дахин ажиллуулах, жижиг модуль реакторт хөрөнгө оруулах болжээ. Тухайлбал:
- Microsoft: 2024 оны 9 дүгээр сард “Constellation” компанитай 20 жилийн гэрээ байгуулж, 2019 онд эдийн засгийн шалтгаанаар зогссон Three Mile Island станцын 1 дүгээр блокыг (835 МВт) дахин ажиллуулахаар болжээ. Энэхүү блок нь 1979 онд осол гарсан 2 дугаар блокоос өөр бөгөөд шинээр ажиллуулах блокыг “Crane Clean Energy Center” нэртэйгээр 2027 онд дахин асаах төлөвтэй байна.
- Amazon: 2025 оны 6 дугаар сард “Talen Energy” компанитай Пенсильвани мужийн Саскуэханна (Susquehanna) станцаас 2042 он хүртэл 1,920 МВт цахилгаан худалдан авах гэрээ байгуулжээ. Мөн 2024 онд “X-energy” компанид хөрөнгө оруулж, Вашингтон мужид нийт 320 МВт хүчин чадалтай дөрвөн жижиг модуль реактор барих төслийг дэмжсэн байна.
- “Google” 2024 оны 10 дугаар сард “Kairos Power” компанитай 2035 он хүртэл нийт 500 МВт хүртэл хүчин чадалтай жижиг модуль реакторуудаас цахилгаан худалдан авах гэрээ байгуулсан ба эхний реактор 2030 онд ажиллах төлөвтэй. Мөн 2025 оны 10 дугаар сард “NextEra Energy” компанитай 2020 онд зогссон Айова мужийн Дуэйн Арнолд (Duane Arnold) станцыг (610 МВт) дахин ажиллуулж, цахилгааныг нь 25 жил худалдан авахаар тохиролцсон бөгөөд станц 2029 оны эхээр дахин ажиллах төлөвтэй.
Нийлүүлэлт. “Улаан ном”-д дурдсанаар 2024 онд дэлхийд 61,924 тонн уран олборлосон нь 2016 оноос хойших хамгийн өндөр дүн бөгөөд тухайн жилийн реакторуудын хэрэгцээний 96%-ийг хангажээ. Олборлолтын дөрөвний гурав орчмыг Казахстан (38%), Канад (23%), Намиби (12%) гэсэн гурван улс эзэлж байна. Олборлолтын өсөлт нь зогсоосон уурхайнуудыг дахин ажиллуулж, ажиллаж буй уурхайнууд, ялангуяа Канад Улс олборлолтоо нэмэгдүүлсний үр дүн бөгөөд шинэ уурхайн олборлолт эхлүүлээгүй аж. Ураны хайгуул, уурхай хөгжүүлэлтийн зардал 2023-2024 онд 1.78 тэрбум ам.доллараас давж, өмнөх хоёр жилийнхээс 46% орчмоор өсчээ.
Нөөц. Нэг кг уран тутамд 260 ам.доллараас (нэг фунт ураны исэл тутамд 100 ам.доллар) доош өртгөөр олборлох боломжтой дэлхийн тогтоогдсон нөөц 8.1 сая тонноос давж, 2050 он хүртэлх хамгийн өндөр эрэлтийг ч хангахад хүрэлцэхүйц байна. Харин уурхайн төсөл хөгжүүлэхэд ихэвчлэн 15-20 жил шаардагддаг тул шинэ төслүүдийг ойрын жилүүдэд урагшлуулах, урт хугацааны гэрээнд суурилсан хангалттай үнэ тогтоох нь нийлүүлэлт тасалдахаас сэргийлэхэд чухал гэж “Улаан ном”-д дүгнэжээ. Кг тутамд 130 ам.доллараас доош өртөгтэй олборлох боломжтой ураны нөөцөөр Австрали (29%), Казахстан (14%), Канад (9%) улсууд тэргүүлж байна.