Радон гэж юу вэ, бид радонд хэрхэн өртдөг вэ?
Радон нь байгалийн цацрагийн нэгэн эх үүсвэр бөгөөд хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй хий юм. Радон нь өнгө, үнэр, амтгүй цацраг идэвхт хий бөгөөд суурь чулуулгийн материалаас ялгарч, хөрсөөр дамжин тархдаг.
Бид өдөр тутмын амьдралдаа байгалийн цацрагт байнга өртөж байдаг. Бидэнд хамгийн танил цацрагийн эх үүсвэрүүд нь гал тогоонд ашигладаг богино долгионы зуух, автомашинд сонсдог радио зэрэг юм. Бидний өртдөг цацрагийн ихэнх нь эрүүл мэндэд эрсдэл учруулдаггүй.
Гэхдээ хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгалийн цацрагийн нэг эх үүсвэр нь радон юм. Радон нь өнгө, үнэр, амтгүй цацраг идэвхт хий бөгөөд суурь чулуулгийн материалаас ялгарч, хөрсөөр дамжин тархдаг. Дараа нь агаарт тархдаг тул радон нь гадаа орчинд хүний эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд хүрэх нь ховор.
Харин барилга доторх радон нь аюултай бөгөөд олон тооны судалгаагаар орон сууц болон ажлын байранд түгээмэл тохиолддог дунд зэргийн радоны агууламж ч эрүүл мэндэд эрсдэл учруулж болохыг баталсан байдаг. Ялангуяа дотоод орчны радоны агууламж өндөр байх нь аюултай бөгөөд радонтой агаарыг удаан хугацаанд амьсгалснаар уушгины хорт хавдар тусах эрсдэл эрс нэмэгддэг.
Радон болж задардаг уран, торий, ради зэрэг химийн элементүүд нь хөрс, ус болон барилгын материалд агуулагдаж болно. ОУАЭА-ийн аюулгүй ажиллагааны стандартууд нь хүний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор орон сууц болон ажлын байрны радоны агууламжид тавих шаардлагыг тогтоодог.
Радонд өртөх нь ямар эрсдэлтэй вэ?
Радон нь хүний байгалаас авдаг нийт цацрагийн шарлагын тал орчим хувийг эзэлдэг. Радон нь уушгины хорт хавдрын хамгийн том шалтгаануудын нэгт тамхидалтын дараа ордог бөгөөд тамхи татдаггүй хүмүүсийн хувьд уушгины хорт хавдрын тэргүүлэх шалтгаан болдог. ДЭМБ-ын тооцоолсноор радон нь нийт уушгины хорт хавдрын шалтгааны 3-14%-ийг эзэлдэг байна.
Удаан хугацаанд радонд өртөх нь дотоод орчин дахь радоны дундаж агууламж болон тухайн хүн амын тамхидалтын түвшнээс хамааран уушгины хорт хавдрын эрсдэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. Тамхи татдаг хүмүүсийн хувьд радонтой холбоотой уушгины хорт хавдрын эрсдэл илүү өндөр бөгөөд тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад уушгины хорт хавдар тусах магадлал ойролцоогоор 25 дахин их байдаг.
Олон улсын Хавдар Судлалын Агентлаг (IARC) радоныг тамхины утаа, асбест (asbestos) болон бензол (benzene)-ын нэгэн адил хүнд хорт хавдар үүсгэгчээр батлагдсан бодис гэж ангилдаг.
Радоны ямар изотопууд байдаг вэ?
Радон нь байгальд харьцангуй их хэмжээгээр оршдог гурван өөр изотоптой боловч тэдгээрийн зөвхөн хоёр нь хүний эрүүл мэндэд эрсдэл учруулдаг.
Уран-238 эсвэл ради-226-ын задралаас үүсдэг радон-222 нь радоны хамгийн аюултай изотоп юм. Радон-222-ын хагас задралын үе харьцангуй урт (3 өдөр 20 цаг) тул барилга дотор хуримтлагдах боломжтой. Мөн зарим бүс нутагт хөрсөн дэх уран-238-ын агууламж өндөр, түүнчлэн зарим барилгын материалд ради-226-ын агууламж харилцан адилгүй байдагтай холбоотойгоор радон-222 өргөн тархсан байдаг. Энэ нь торий-232-ийн задралаас үүсэх радон-220-той хамт хүн амын цацрагийн шарлагын гол эх үүсвэрүүдийн нэг болдог. Цацрагийн хамгаалалтын арга хэмжээг тодорхойлохдоо эдгээр хоёр изотопыг адил авч үздэг.
Радон-219 нь аюулгүй гэж тооцогддог.
Бид радонд хэрхэн өртдөг вэ?
Радон нь өнгө, үнэр, амтгүй цацраг идэвхт хий юм. Энэ нь хөрсөн дэх уранаас үүсэж, агаарт тархдаг. Барилга, байгууламжийн дотоод орчин зэрэг битүү орчинд радоны агууламж ихээр хуримтлагдаж болох бөгөөд удаан хугацаанд радонд өртөх нь уушгины хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Дотоод орчны агаар дахь радон
Дотоод орчны радоны агууламж нь улс орон бүрт, тэр ч байтугай барилга бүрт харилцан адилгүй байдаг. Үүнд уур амьсгал, барилгын хийц, агааржуулалтын төрөл, ахуйн дадал зуршил, хамгийн гол нь геологийн нөхцөл нөлөөлдөг.
Радон суурь чулуулгийн материалаас ялгарсны дараа хөрсөөр дамжин тархаж, агаарт шингэрснийхээ дараа барилга руу нэвтэрдэг. Боржин чулуу, мигматит, зарим төрлийн шавар болон мөстлөгийн хурдас нь уран, ради агуулсан байх нь элбэг бөгөөд эдгээр элементүүд задрах явцдаа радон үүсгэдэг. Барилгын доорх хөрс, чулуулгаас ялгарч буй радон нь дотоод орчны агаар дахь радоны гол эх үүсвэр юм.
Радон нь шалны ан цав, барилгын хийцийн завсар, цонх, ус зайлуулах хоолой, кабель болон хоолойн эргэн тойрны зайгаар барилга руу нэвтрэх боломжтой. Энэ нь ялангуяа сэрүүн болон хүйтэн бүс нутагт түгээмэл байдаг. Учир нь барилга доторх даралт нь барилгын доорх хөрсний даралтаас бага зэрэг бага байдаг тул даралтын зөрүүнээс үүссэн хийн урсгал радоныг барилга руу нэвтрүүлэхэд хүргэдэг.
Радон нь гадна орчны агаартай харьцуулахад дотоод орчны агаарт хурдан замхарч тархдаггүй бөгөөд барилгын битүү орчинд хуримтлагдах хандлагатай байдаг. Иймээс радон нь хүн амын цацрагийн шарлагт нөлөөлдөг чухал эх үүсвэр болдог.
Усанд агуулагдах радон
Радон нь усанд уусдаг тул уран ихтэй геологийн бүс нутгийн гүний усны эх үүсвэр, тухайлбал усны насос болон өрөмдсөн худагт хуримтлагдах боломжтой. Усанд агуулагдах радон нь шүршүүрт орох, хувцас угаах зэрэг ахуйн ердийн хэрэглээний үед агаарт ялгарах боломжтой.
Ундны усанд агуулагдах радоныг хэрэглэх нь ходоодны хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн хамаарлыг эпидемиологийн судалгаагаар батлаагүй байна. Иймээс усаар дамжих радоны гол эрсдэл нь усыг хэрэглэх үед агаарт ялгарсан радоныг амьсгалахтай холбоотой байдаг байна. Ерөнхийдөө барилгын доорх хөрсний радонтой харьцуулахад усан дахь радон нь харьцангуй бага ач холбогдолтой.
Барилгын материал дахь радон
Ихэнх барилгын материал байгалиасаа маш бага хэмжээний радон ялгаруулдаг. Гэхдээ зарим төрлийн материал нь радон ялгаруулах чухал эх үүсвэр болох боломжтой. Ийм материалд ихэвчлэн ради-226-ын агууламж өндөр материал орох бөгөөд ради-226 задарч радон хий үүсгэдэг.
Мөн материалын сүвэрхэг чанар өндрөөс хамаарч түүнд үүссэн радон хий нь материалаас гадагшлах боломжтой болдог. Үүнд занарын үнс агуулсан хөнгөн бетон, фосфогипс болон Италийн туф зэрэг материал хамаарна. Түүнчлэн хуучин уран олборлох байгууламжийн дайвар бүтээгдэхүүнийг барилгын доорх дүүргэлтийн материал болгон ашиглах нь дотоод орчинд радоны агууламж мэдэгдэхүйц нэмэгдэхэд хүргэж болно.
Радоны агууламжийг хэрхэн бууруулах вэ?
Барилга доторх радоны агууламжийг янз бүрийн арга хэмжээгээр бууруулж, багасгаж болно. Нэг арга нь радоныг дотоод орчинд нэвтрэхээс сэргийлж тусгаарлалт хийх, мөн барилга доторх агаарын даралтыг зохицуулах арга хэмжээг хослуулан хэрэглэх явдал юм. Хуучин барилгыг дулаалах, шинэчлэх үед мөн анхаарах шаардлагатай ба агааржуулалт багасах нь дотоод орчны агаарын ерөнхий чанарыг бууруулж, радон хуримтлагдах магадлалыг нэмэгдүүлэх боломжтой байдаг.
Шинээр барьж буй орон сууцанд радон хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг улс орнууд барилгын норм, дүрэмдээ тусгасан байдаг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь дараа нь засварлах арга хэмжээнээс ихэвчлэн хямд бөгөөд хүн амын эрүүл мэндийг хамгаалах бусад арга хэмжээтэй харьцуулахад өндөр үр ашигтай байдаг. Мөн өрөө тасалгаандаа байнгын, тогтмол агааржуулалт хийх нь радоны агууламжийг бууруулахад тустай.
Ажлын байр дахь радон
Радон нь орон сууцанд хуримтлагддагтай ижил шалтгаанаар ихэнх дотоод орчны ажлын байранд тохиолдож болно. Үйлдвэр, оффисын өрөө, уурхай, хонгил зэрэг бүх төрлийн ажлын байр радоны нөлөөлөлд өртөж болно.
Газар доорх ажлын байранд геологийн нөхцөл болон агааржуулалт хязгаарлагдмал байдлаас шалтгаалан радоны агууламж өндөр байж болно. Ялангуяа уурхай, хонгил болон зоорийн давхарт радоны агууламж өндөр байх нь элбэг. Түүнчлэн газрын дээрх байрлах энгийн ажлын байранд ч хөрсөнд агуулагдах радоны хэмжээ, агааржуулалт эсвэл барилгын материалын агууламжтай холбоотойгоор радоны агууламж өндөр байж болно.
Гүний усанд, ялангуяа боржин чулуулаг ихтэй бүс нутагт радоны агууламж өндөр байдаг. Мөн байгалийн ус ашигладаг ус цэвэршүүлэх байгууламж болон рашаан сувиллын газруудын ажлын байранд радоны түвшин өндөр байх боломжтой.
Хэрэв хэмжилтээр радоны агууламж нь холбогдох үндэсний эрх бүхий байгууллагаас тогтоосон ажлын байрны зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан нь тогтоогдвол ажил олгогч нь радоны хэмжээг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай. Хэрэв ийм арга хэмжээ авах боломжгүй эсвэл авсан арга хэмжээ нь үр дүнгүй байвал үндэсний эрх бүхий байгууллагад мэдэгдэж, тухайн ажлын байранд тусгай зохицуулалтын шаардлага мөрдөгдөнө.