Уран гэж юу вэ?
Уран нь байгалийн цацраг идэвхт элемент бөгөөд атомын дугаар нь 92, үелэх системд U химийн тэмдэглэгээгээр тэмдэглэгддэг. Уран нь актинид гэж нэрлэгддэг тусгай бүлгийн элементүүдэд хамаардаг ба актинид гэдэг нь харьцангуй хожуу үед нээгдсэн элементүүдийн бүлэг юм.
Бусад бүх актинидын нэгэн адил уран нь цацраг идэвхт бөгөөд цаг хугацааны явцад задарч, задрах үйл явцын үеэр энерги ялгаруулдаг. Ураны хуваагдах онцгой шинж чанар нь түүнийг цөмийн реакторын түлшний үндсэн эх үүсвэр болгодог. Жишээлбэл, тахианы өндөгний хэмжээтэй ураны түлш нь 88 тонн нүүрстэй тэнцэх хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.
Уран нь дэлхийн царцдаст харьцангуй түгээмэл тархсан элемент бөгөөд алтнаас ойролцоогоор 500 дахин элбэг. Маш ховор элемент мэт санагддаг боловч уран бага хэмжээгээр дэлхийн хаа сайгүй олддог бөгөөд чулуулаг, хөрс, ус, тэр ч байтугай хүний биед ч агуулагддаг. Далай тэнгист ч маш их хэмжээний уран маш бага агууламжаар тархсан байдаг бөгөөд нийт хэмжээг нь ойролцоогоор 4 тэрбум тонн гэж тооцдог.
Уран нь бусад бүх элементүүдийн нэгэн адил атомын масс болон физик шинж чанараараа ялгаатай боловч химийн шинж чанараараа ижил хэд хэдэн хэлбэртэй байдаг. Эдгээрийг изотоп гэж нэрлэдэг.
Ураны изотопууд гэж юу вэ?
Байгальд ураны гурван изотоп байдаг:
- Уран-234 (U-234)
- Уран-235 (U-235)
- Уран-238 (U-238)
Тэдгээрээс U-238 нь хамгийн түгээмэл бөгөөд дэлхий дээрх байгалийн ураны ~99 хувийг эзэлдэг. Харин цөмийн реакторт U-235 агуулсан түлш ашигладаг. Гэвч байгалийн уран дахь U-235-ын агууламж ердөө 0.72 хувь байдаг бөгөөд ихэнх реакторын түлшинд үүнээс өндөр агууламж (ихэнхдээ 5%, судалгааны реактор, SMR-уудын хувьд 20%)-тай U-235 шаардлагатай.
Иймээс баяжуулалт гэж нэрлэгддэг процессоор U-235-ын агууламжийг 0.72%-иас шаардлагатай хэмжээнд хүртэл нэмэгдүүлдэг. Канадын CANDU реакторууд л баяжуулаагүй байгалийн уран буюу U-235 изотопоор түлш хийдэг.
Ураны баяжуулалт гэж юу вэ?
Ураны баяжуулалт гэдэг нь уран дахь U-235 изотопын эзлэх хувийг 0.72 хувиас 90 гаруй хувь болгон нэмэгдүүлэх процесс юм. U-235-ын изотопын эзлэх хувь 20 хувиас бага байвал тухайн ураныг бага баяжуулсан уран (LEU – Low Enriched Uranium) гэж үздэг.
Ихэнх арилжааны цөмийн реакторт 5 хувиас бага U-235 агуулсан LEU-г түлш болгон ашигладаг бөгөөд үүнийг мөн реакторын зэрэглэлийн уран гэж нэрлэдэг. LEU нь чанар, шинж чанараа алдалгүйгээр олон жилийн турш аюулгүй хадгалагдах боломжтой байдаг.
Хэрэв уран дахь U-235 изотопын агууламж 20 хувиас дээш байвал тухайн ураныг өндөр баяжуулсан уран (HEU – High Enriched Uranium) гэж үздэг. Ийм өндөр агууламжтай U-235 бүхий ураны түлшийг гол төлөв шумбагч онгоц зэрэг тэнгисийн цэргийн хөдөлгүүрийн реакторт, зарим судалгааны реакторт, цөмийн зэвсэгт ашигладаг.
U-235-ын агууламжийг нэмэгдүүлэх буюу баяжуулалт хийх хэд хэдэн арга байдаг. Түгээмэл хэрэглэгддэг аргын хувьд шар нунтаг (yellowcake)-ийг эхлээд ураны гексафторид гэж нэрлэгддэг хийн төлөвт нэгдэл болгон хувиргадаг. Дараа нь уг хийг өндөр хурдтай эргэдэг центрифугүүдэд оруулна. Центрифугийн эргэлтийн үед U-238 зэрэг хүнд изотопууд цилиндрийн хананд ойртож, харин хөнгөн U-235 изотоп нь цилиндрийн төв хэсэгт илүү ихээр үлддэг. Ингэснээр U-235 изотопын агууламж өндөртэй хийг ялган авч болно. Шаардлагатай U-235 изотопын агууламжид хүрэх хүртэл энэ процессыг давтан явуулна. Дараа нь гарган авсан ураны гексафторидыг дахин хувиргах процессоор боловсруулж, U-235 изотопыг хар, нунтаг хэлбэрийн ураны давхар исэл (uranium dioxide) болгон хувиргадаг.
Ураныг хэрхэн олборлодог вэ?
20-р зуунд ураны хүдрийг ихэвчлэн ил уурхай эсвэл далд уурхайн малталт ашиглан олборлодог байв. Олборлосны дараагаар хүдрийг буталж, боловсруулан ураныг бусад элементүүдээс ялгах аргыг хэрэглэдэг байсан.
21-р зуунд энэ аргыг аажмаар газар доорх уусган олборлох арга (in-situ leaching) орлож байна. 2000 онд дэлхийн ураны үйлдвэрлэлийн ердөө 16 хувь нь энэ аргаар олборлогдож байсан бол өнөөдөр газар доорх уусган олборлох арга нь уран олборлох хамгийн түгээмэл арга болжээ. 2020 онд дэлхийн нийт ураны ойролцоогоор 58 хувийг энэ аргаар олборлосон байна.
Газар доорх уусган олборлох үед ураны орд байрлаж буй байршил руу комплекс үүсгэгч бодис, исэлдүүлэгч бодис эсвэл хүчил зэрэг бодис агуулсан усыг эргэлдүүлэн нэвтрүүлдэг. Ингэснээр ураныг ордоос нь шууд уусган гаргаж авах боломжтой байдаг. Үүссэн уусмалыг газрын доороос олборлон гаргаж, боловсруулснаар ураны исэл буюу “шар нунтаг” (yellowcake) гарган авдаг бөгөөд үүнийг цааш нь ураны баяжуулалтад ашигладаг.
Уран олборлох, цөмийн түлш болгон боловсруулах, цөмийн эрчим хүчний станцад түлшийг реакторт ашиглах болон үүний үр дүнд үүссэн хаягдлыг зайлуулах үе шатуудыг бүхэлд нь цөмийн түлшний цикл гэж нэрлэдэг.
Цөмийн түлшний цикл
Цөмийн түлшний цикл нь цөмийн реакторт ураныг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай олон төрлийн үйл ажиллагааг хамарсан үйлдвэрлэлийн процесс юм. Энэ нь ураны хүдрийг олборлох болон анхан шатны боловсруулалт хийх үе шатаар эхэлж, түүхий ураныг үр ашгийг нэмэгдүүлж, түлш болгон ашиглах зорилгоор боловсруулж, баяжуулна. Реакторт ашигласны дараа ашигласан түлшийг хөргөх зорилгоор хадгалах шаардлага үүсдэг. Үүний дараа түүнийг урт хугацааны хадгалалт буюу булшлах эсвэл дахин боловсруулж, дахин боловсруулсан уранаар шинэ түлш үйлдвэрлэж цөмийн эрчим хүчний реакторт ашигладаг. Дахин боловсруулах процессын үед үүсэх хаягдал болон ядуурсан уранд мөн зохих журмын хаягдлын менежмент хийх шаардлагатай байдаг.
Ураныг хэрхэн цөмийн түлш болгодог вэ?
Уран нь цөмийн түлш болох замдаа хатуу, шингэн болон хийн төлөвүүдээр дамждаг. Хатуу төлөвт байгаа ураны хүдрийг уусган шингэн болгож, газар доорх уусган олборлох аргаар гарган авна. Дараа нь дахин хатуу төлөвт оруулж шар нунтаг болгоно. Үүнийг цааш боловсруулж ураны гексафторидын хий болгон хувиргана. Уг хийг центрифугээр баяжуулсны дараа ураны давхар исэл болгон боловсруулна. Ураны давхар исэл нь цөмийн түлшний үндсэн бүрэлдэхүүн болох ураны түлшний шахмал үйлдвэрлэхэд ашиглагддаг.
Ураны давхар исэл нь хар, нунтгархаг бодис юм. Үүнийг өндөр даралтаар шахаж, халаан нягтруулан бэхжүүлж ураны түлшний шахмал болгоно. Дараа нь эдгээр шахмалыг урт металл хоолой дотор нэг бүрчлэн байрлуулж (үүнийг түлшний саваа буюу fuel rod гэнэ), олон хоолойг хамтад нь багцлан түлшний багц үүсгэнэ. Түлшний багц нь цөмийн реакторын түлшний үндсэн эх үүсвэр юм.
Дахин боловсруулсан уран (RepU) гэж юу вэ?
Цөмийн түлшийг тусгай зориулалтын дахин боловсруулалт, дахин ашиглалтын үйлдвэрүүдэд боловсруулах боломжтой байдаг. Энэ процессоор гарган авсан ураныг дахин боловсруулсан уран (RepU) гэж нэрлэдэг бөгөөд үүнийг шинэ цөмийн түлш болгон дахин ашиглах боломжтой.
Ядуурсан уран (DU) гэж юу вэ?
Центрифугийн процессоор U-235-ын агууламж өндөртэй уран гарган авахын зэрэгцээ нөгөө талд үлдсэн материалд U-235-ын эзлэх хувь багасдаг. Хэрэв баяжуулалтын дараах дайвар бүтээгдэхүүн дэх U-235-ын эзлэх хувь 0.7%-иас бага бол түүнийг ядуурсан уран (DU – Depleted Uranium) гэж үздэг.
Ядуурсан уран нь нэгж массдаа бага хэмжээний U-235 агуулдаг тул цацраг идэвхийн хувьд байгалийн уранаас бага. Ураныг баяжуулалтын өмнө химийн аргаар цэвэршүүлэх явцад түүний задралын бүтээгдэхүүн (ураны задралаас үүдэлтэй цацраг идэвхт элементүүд)-ий үлдэгдлийг зайлуулсан байдаг. Ядуурсан ураныг бага түвшний цацраг идэвхт хаягдал хэлбэрээр хаягдлын менежментийг нь хийж болохоос гадна ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах үед ялган авсан плутони бүхий холимог ислийн түлш (MOX) үйлдвэрлэхэд ашиглаж болдог.
Бид өдөр тутмын амьдралдаа уранд хэрхэн өртдөг вэ?
Хүн ураныг хоол хүнсээр хэрэглэх болон амьсгалах замаар жилд дунджаар 1 мкЗв-ээс бага тун авдаг. Харьцуулахад, Лондонгоос Лос-Анжелес хүртэл нэг удаа нисэхэд сансрын цацрагийн улмаас ойролцоогоор 58.8 мкЗв тун авна. Үүнээс гадна хүн бүр ураны задралын бүтээгдэхүүн болох усанд агуулагддаг Радий-226 болон түүний задралын бүтээгдэхүүн, гэрийн орчинд Радон-222, тамхины утаанд агуулагддаг полони-210 зэргээс өдөр тутмын амьдрал, хоол хүнс болон амьсгалах замаар жилд дунджаар 120 мкЗв тун авдаг. Гэсэн хэдий ч хүмүүсийн хооллолт, ундны усан дахь ураны агууламж харилцан адилгүй байдаг тул дэлхийн улс орнуудын уран хэмжээ ихээхэн ялгаатай байдаг.
Ураныг их хэмжээгээр залгих эсвэл амьсгалах нь физик гэхээсээ илүү ураны химийн хорт чанар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой. Ураны хайгуул, олборлолт болон боловсруулалтын ажилд оролцдог хүмүүс эрсдэлтэй бүлэгт тооцогддог тул хамгаалах хэрэгсэл ашиглаж, эрүүл мэндийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх дүрэм, журам, ажлын горимыг чанд мөрдөх шаардлагатай байдаг.