ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган Вена хотноо боллоо
181 гишүүн орны 160-аас 3,200 гаруй төлөөлөгч оролцсон таван өдрийн чуулганаас Агентлагийн ирэх жилийн үйл ажиллагааг чиглүүлэх тогтоол, шийдвэрүүд гарлаа. Монгол Улсын төлөөлөгчид үндэсний илтгэл тавьж, ОУАЭА-ийн гурван газартай хоёр талын уулзалт хийв.
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 70 дугаар чуулган 2026 оны 9 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болж, таван өдөр үргэлжиллээ. Чуулганаар цөмийн салбарын өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, Агентлагийн ирэх жилийн үйл ажиллагааг чиглүүлэх тогтоол, шийдвэрүүдийг баталлаа.
Энэ жилийн чуулганд 3,600 гаруй оролцогч бүртгүүлснээс ОУАЭА-ийн 181 гишүүн орны 160-аас 3,200 гаруй төлөөлөгч, түүний дотор 78 сайд, 19 дэд сайд оролцов. Мөн олон улсын болон төрийн бус байгууллагын 400 орчим төлөөлөгч хүрэлцэн ирлээ.
Чуулганы нээлтэд ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси үг хэлж, Агентлагийн далан жилийн ажлыг эргэн харлаа. “Сорилтууд хэчнээн хүнд байлаа ч энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн төлөөх тэвчээртэй хөдөлмөрөөр гарч буй ахиц дэвшлийг бид үгүйсгэх учиргүй. Анхны Ерөнхий бага хурлаас хойш далан жил өнгөрөхөд тэрхүү ‘зүтгэлийн нэгдмэл сүнс’ нь энэ хагарал бүхий цаг үед ч бидний үйл хэргийн гол цөм хэвээр байна” гэж тэрбээр тэмдэглэв.
Чуулганаар ОУАЭА-ийн Захирлуудын зөвлөлийн 35 гишүүний 2026-2027 оны бүрэлдэхүүнд 11 улсыг сонгов: Ангол, Бразил, Грек, Гондурас, Кувейт, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Нигери, Словак, Швед. Ерөнхий бага хурал, Захирлуудын зөвлөл нь ОУАЭА-ийн бодлого тодорхойлогч хоёр байгууллага бөгөөд Зөвлөл нь Агентлагийн санхүүгийн тайлан, хөтөлбөр, төсвийг хянаж, Ерөнхий бага хуралд санал болгодог.
Шинжлэх ухааны форум: Rays of Hope
Чуулганы гол арга хэмжээ болох Шинжлэх ухааны форум энэ удаа “Rays of Hope: хавдрын эмчилгээний амлалтыг биелүүлэх нь” сэдвээр хоёр өдөр үргэлжиллээ. Форумд сайд нар, хавдар судлалын тэргүүлэх мэргэжилтнүүд, хөгжлийн түншүүд, үйлдвэрлэгчдийн төлөөлөл зэрэг 380 орчим хүн оролцож, хавдрын оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэв.
ОУАЭА 2022 онд Rays of Hope санаачилгыг эхлүүлснээс хойш 100 гаруй улс нэгдэж, 100 сая еврогоос дээш хөрөнгө босгожээ. Энэ хүрээнд хавдрын 20 гаруй төв шинээр нээгдэх, өргөтгөгдөх буюу баригдаж байгаа, оношилгоо, эмчилгээний 150 гаруй технологи нийлүүлэгдэж, цацрагийн анагаах ухааны чиглэлээр 800 гаруй эмч, мэргэжилтэн сургалтад хамрагдсан байна.
Форумаар цацрагийн анагаах ухааны үүрэг, хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах дэд бүтэц, боловсон хүчин, түүнчлэн судалгаа, түншлэл, тогтвортой санхүүжилтийн ач холбогдлыг онцлон хэлэлцлээ.
Цөмийн эрчим хүч ба ураны нөөц
ОУАЭА цөмийн эрчим хүчний шинэчилсэн төсөөллөө танилцуулав. Өндөр хувилбараар 2060 он гэхэд дэлхийн цөмийн эрчим хүчний хүчин чадал гурав дахин нэмэгдэх боломжтой гэж үзсэн нь дараалан зургаа дахь удаагийн өсгөсөн төсөөлөл боллоо.
Мөн “Уран 2026: Нөөц, үйлдвэрлэл, эрэлт” (Улаан ном) тайлангийн шинэ хэвлэлд тогтоогдсон ураны нөөц 2050 он хүртэлх эрэлтийг хангахад хүрэлцэхээр байгаа ч ирээдүйн хангамжийг баталгаажуулахын тулд тогтвортой хөрөнгө оруулалт шаардлагатайг онцолсон байна.
Чуулганы үеэр Багам, Бруней, Кабо-Верде, Мексик, Сири, Тунис зэрэг зургаан гишүүн орон ОУАЭА-тай Улс орны хөтөлбөрийн хүрээ баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ баримт бичгээр техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цөмийн шинжлэх ухаан, технологи тухайн улсын хөгжлийн зорилтод хэрхэн дэмжлэг үзүүлэхийг тодорхойлдог.
Монгол Улсын оролцоо
Чуулганд Монгол Улсын Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
9 дүгээр сарын 16-ны өдөр Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын үндэсний илтгэлийг тавив. Тэрбээр дэлхий дахинд олон сорилт тулгарч буй энэ цаг үед цөмийн энерги, цөмийн технологийг энх тайван, хүний эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн зорилгоор ашиглахад ОУАЭА-ийн гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох үйлсэд тууштай байр суурь баримталж ирснийг илэрхийллээ.
Хоёр талын уулзалтууд
Төлөөлөгчид чуулганы хүрээнд ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны газар, Цөмийн эрчим хүчний газар, Баталгааны газартай хоёр талын уулзалт хийв.
Техникийн хамтын ажиллагааны газартай хийсэн уулзалтаар талууд Монгол Улс болон ОУАЭА хооронд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, уул уурхай, эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг дүгнэж, цаашдын хэтийн төлвийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Дагалдах арга хэмжээ
Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр ОУАЭА-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны хэлэлцээр (RCA)-ийн асуудлаарх дагалдах арга хэмжээнд оролцож, Монгол Улсад хэрэгжиж буй техникийн төслүүдийн үр өгөөж, хамтын ажиллагааны талаар ярилцаж, байр сууриа илэрхийлэв.
Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Туяа эмчилгээг өргөжүүлэхэд санхүүжилт татах амжилттай туршлагууд” арга хэмжээнд оролцлоо. Тэрбээр Монгол Улсын хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, оношилгоо, эмчилгээг өргөжүүлэх хүрээнд байгуулахаар зорьж буй “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн хөрөнгө оруулалт татах баримт бичгийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.